
Дэлхийн улс орнуудад эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж буйтай холбоотойгоор эрчим хүч ихээр шаардагддаг металлын үйлдвэрлэлийн хэмжээ хумигдсанаас шалтгаалж хөнгөн цагааны үнэ 2008 оны 07 дугаар сараас хойш үзэгдсэн хамгийн өндөр түвшинд хүрлээ. Тодруулбал, өчигдөр /2021.10.11/ Лондонгийн металлын бирж дээр хөнгөн цагааны үнэ 2.8 хувиар өсөж, тонн тутамд 3040 ам.доллар хүрсэн нь бол өнөөдөр 3020 ам.долларт хүрээд байна.
Европын Засгийн газрууд эрчим хүчний хомстлын улмаас цахилгаан хангамж тасарч, аж үйлдвэрүүдийг зогсоохоос өөр аргагүйд хүрч болзошгүйг сэрэмжлүүлж байгаагаас үзэхэд тус тивийн хямрал дэлхийн бусад улс орнуудад ч хүндрэл учруулж болзошгүй байна. Үүнтэй холбоотойгоор дэлхийн улс орнууд дотооддоо зохих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тухайлбал, өнгөрсөн баасан гаригт БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс эрчим хүчний хямралыг намжаахын тулд цахилгаан эрчим хүчний үнийг нэмэгдүүлэхийг зөвшөөрч буйгаа мэдэгдээд байсан. Харин Нидерландад цахилгаан эрчим хүчний үнэ өндөр байгаагаас шалтгаалж тус улсын хөнгөн цагаан үйлдвэрлэгч ‘Aldel’ компани энэ долоо хоногоос эхлэн үйлдвэрлэлээ хязгаарлах болсон талаар Голландын NOS мэдээллээ.
Мөн Германы хөнгөн цагаан хайлуулах үйлдвэрт цахилгаан эрчим хүчний нэг сарын суурь ачааллыг тооцоолсноор тонн металл үйлдвэрлэхэд шаардагдах эрчим хүчний төлбөрт ойролцоогоор 4000 ам.доллар төлж буй нь одоогийн хөнгөн цагааны үнээс хамаагүй илүү өртөгтэй болохыг харж болох юм.
Эх сурвалж: LME