
Шинэ дүр
Санхүүгийн системийг бүрдүүлэгч томоохон гурван бүтцийн менежментийн багт ажиллах хугацаандаа Г.Дөлгөөн эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах Төв банкны үндсэн үүргийг биелүүлэхийг гол байгаа хэмээн тодорхойлж, шинэчлэлийг эрчимтэй өрнүүлж буй санхүүгийн салбарын шинэ дүр аж.
Төв банкнаас санхүүгийн салбарт хийх реформоо банкны салбарын шинэчлэлээр эхлүүлж, эдийн засгийн өсөлт, санхүүгийн тогтвортой байдлыг хангах төлөвлөгөөг нь Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ганбямбын Дөлгөөн тэргүүлэн хэрэгжүүлж байна.
Монгол Улс эдийн засгаа солонгоруулах хэрэгтэй гэдэг шиг санхүүгийн салбарт реформ хийх хэрэгтэй тухай сүүлийн жилүүдэд Төв банкны зүгээс илэрхийлсээр байгаа. 1991 онд Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж, хоёр шатлалт банкны тогтолцоотой болсноор Монголбанкийг үүсгэн байгуулсан түүхтэй. Энэ үеэс Төв банк банкны салбарын үндсэн зохицуулагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд бодлогын бүх шатанд банкны салбарыг хөгжүүлэхэд анхаарч эхэлсэн байдаг. Банк, санхүү нь Монгол Улсын эдийн засгийн төдийгүй нийтлэг хөгжилд өндөр хувь нэмэр оруулж буй салбар. Энэ утгаараа хууль, эрх зүйн орчныг хөгжүүлэх шаардлагатай байгаа тухай салбарынхан хэлдэг.
Өнөөдөр Монголын санхүүгийн системд нийт 40 орчим их наяд төгрөг эргэлдэж байна. Үүний 95 орчим хувь нь зөвхөн банкны системд харьяалагддаг. Харин үлдсэн 5 хувийг нь хөрөнгө, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо зэрэг салбар бүрдүүлдэг
“Санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд бид Монгол Улсын эдийн засаг, мөнгөний урсгалын голлох дэд бүтэц, мөнгөний бодлогын чухал хэрэгсэл болох банкны салбарт төвлөрч ажиллаж байна. Энэхүү дэд бүтцийг хөгжүүлэхдээ бид эдийн засгийн ухагдахууныг хууль зүйн шинжлэх ухаантай хослуулсан иргэний эрх зүйн шинэчлэл, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үр дүнтэй тогтолцоог бэхжүүлэх зэрэг суурь олон хүчин зүйлсийг зайлшгүй харгалзах шаардлагатайг өнгөрсөн хугацаанд харлаа. Банкны салбар өөрөө илүү эрүүл, тогтвортой, засаглалын хувьд сайн байснаар бид энэ салбарын харилцагч иргэд, гаднын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагуудын итгэлийг даана” гэж Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн дурдсан.
2018 онд Банкны тухай хуулийн 45 орчим хувьд нэмэлт өөрчлөлт хийсэн байдаг. Үүнээс хойш 2021 оны хоёрдугаар улиралд дахин 15 хувьд нь өөрчлөлт хийжээ. “Монгол Улс хоёр шатлалт банкны тогтолцоонд шилжсэн өнгөрсөн 30 жилийн хугацаанд алдаж, оносон зүйлүүд бий. Тэдгээрийн нэг нь банк, санхүүгийн салбарын харилцагч, хадгаламж эзэмшигчийн хууль ёсны эрхийг хамгаалах асуудал юм. Төв банкны хувьд хяналт шалгалтаа сайжруулж, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлж эхэлж байна. Цаашлаад банкууд нээлттэй компанийн зарчмаар үйл ажиллагаагаа явуулж, олон нийтэд хувьцаагаа арилжаалах боломжтой болсноор зөвхөн банк давамгайлсан зах зээл агшиж, хөрөнгийн зах зээл хөгжлийн шинэ шатанд гарах боломж бүрдэх юм. Нөгөө талаас цөөн эзэдтэй арилжааны банкууд олон нийтийнх болсноор хяналт сайжирч, үр дүн өөрчлөгдөх давуу талтай” хэмээн тэрбээр өгүүлэв.
Хөрөнгийн зах зээл одоогийн байдлаар 3 их наяд төгрөгийн үнэлгээтэй байгаа бөгөөд банкуудын IPO хийгдсэнээр нэмэлтээр 600 тэрбум орчим төгрөг орж ирэх хүлээлттэй байгаа аж.
Эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт цар тахлын өмнөх ба дараах үе гэж ялгарахуйц шинэ нөхцөл байдал үүсэж, өөрчлөлт бүх улс орныг хамарч байна. Өөрчлөлтийн энэ цаг үед санхүүгийн салбарыг солонгоруулах, банкны системийг хүчирхэгжүүлэх замаар санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгыг биелүүлэхийн тулд өдгөө 33 настай Г.Дөлгөөнийг УИХ-аас Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томилж, шинэчлэлийг эхлүүлээд буй нь энэ.

“Хүн бүр өөрийн хийж гүйцэтгэх үүрэгтэй байдаг. Миний хувьд амьдарч байгаа энэ цаг үедээ ногдсон үүргээ амжилттай, үр дүнтэй гүйцэтгэж, хойч үедээ эрүүл, сайхан ирээдүйг бий болгоход өөрийн хувь нэмрээ оруулан хариуцлагатай ажиллахыг зорьж байна” гэж Г.Дөлгөөн өгүүлж байна. Түүний хувьд Монголбанкны Төлбөр тооцооны газрын нягтлан бодогчоос ажлын гараагаа эхэлж Хянан шалгалтын газрын хянан шалгагч болон дэвшиж байв. Монголбанк, Люксембургийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Төв банкнаас жилд 2 хүнд суралцах боломж олгодог бөгөөд 2013 онд Г.Дөлгөөн сонгогдож, тус сургуульд Банк, санхүүгийн магистрын зэрэг хамгаалсан. Люксембургт суралцаж байх хугацаандаа Шродерс хөрөнгө оруулалтын санд дадлага хийж ажлын туршлагаа ахиулсан юм.
Тэрбээр эргэж ирээд Монголбанкинд ахлах хянан шалгагчаар нэг жил ажиллаад Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэгч, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Хөгжлийн банкны дэд захирлаар томилогдсон юм. Үүнээс хоёр жилийн дараа буюу 2018 онд системийн нөлөө бүхий банкуудын нэг, 2.3 сая харилцагч, 4,000 ажилтантай Төрийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдож байсан түүнд санхүүгийн салбарт ажилласан 10 гаруй жилийн туршлага бий.
Шийдвэр гаргахдаа, гаргасан шийдвэртээ итгэлтэй байхад хамгийн их түлхэц өгдөг зүйл нь бүгдийг хуулийн дагуу хийх байдаг
Г.Дөлгөөн 29 настайдаа буюу 2018 оны нэгдүгээр сард Монголын банкны секторын топ таван тоглогчийн нэг Төрийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдсон. Тухайн үед Төрийн банкны Хувьцаа эзэмшигчид, ТУЗ-өөс бүтцийн шинэчлэл хийж захирлуудынхаа тоог 50 хүртэл хувиар цөөлсөн бөгөөд тэрбээр гүйцэтгэх удирдлагын хувьд цомхон, мэргэжлийн багийг бүрдүүлэн ажиллах шаардлагатай болсон байдаг. Мөн түүнийг ажлаа хүлээн авах үед Төрийн банкны нийт активын хэмжээ унасан, чанаргүй зээлийн хувь өндөр зэрэг нэлээд хүнд нөхцөл байдал угтсан аж. Тиймээс баланс агшиж, банкны өөрийн хөрөнгө буурах сөрөг нөлөөтэй ч тэрбээр эрсдэлийн сангаас эхлээд бүх шатны сангуудыг байгуулсан гэдэг. Ингэснээр хоёр жил гаруйн хугацаанд 2.3 их наяд төгрөг байсан Төрийн банкны нийт активын хэмжээ 3.5 их наяд төгрөг болж өсөв. 2019 онд Төрийн банк түүхэндээ байгаагүй буюу 20.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь тухайн үед Монголын банкны системд шилдэг өсөлтийг үзүүлж байв.
Мөн тэрбээр Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа Монгол Улсад анх удаа валютын репо хэлцэл хийж, хямд эх үүсвэрийг татан төвлөрүүлж байлаа. Түүнчлэн банкны дотоод үйл ажиллагаанаас эхлээд тодорхой зардлуудаа хасаж зээлийн хүүг бууруулж болдог гэдгийг өөрийн туршлагаар харуулсан. Энэ мэт Төрийн банкны хэрэгжүүлсэн стратеги системийн хэмжээнд нөлөөлж, банкуудын зээлийн хүү буурах зэрэг үзэгдэл банкны салбарт өрнөж байв. Чухамдаа системийн банкийг удирдах амаргүй ажлыг тэрбээр даван туулж, биеэрээ мэдэрчээ. Г.Дөлгөөн “Итгэлцэл, ёс зүй миний хувьд үнэт зүйл маань болдог” хэмээн өгүүлсэн юм.
Хүн аливаа зүйлийг нэг талаас нь харж үнэлэлт, дүгнэлт өгөхөд алдаа гаргах магадлал нэмэгддэг. Төв банкинд ажиллаж, бодлогын банк, арилжааны банкийг удирдаж үзсэний хувьд Г.Дөлгөөн аливааг олон талаас нь харж үнэлэлт дүгнэлт өгөн, цэгцтэй оносон шийдвэр гаргахад хэдийнэ бэлтгэгджээ.
Түүнийг 2020 онд Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томилогдон эргэн ирэхэд цар тахал дэгдсэн, эдийн засгийн идэвхжил буурсан, инфляцид бодит эрсдэл нүүрлэсэн, банкуудын зээл хумигдсан зэрэг хүнд, хэцүү үе таарсан билээ. Энэ цаг үед тэрбээр Төв банкны хамт олонтой богино хугацаанд нэг баг болж, бодлогын хүүг жилийн 6 хувь болгох шийдвэрийг хамтдаа гаргасан нь түүхэнд байгаагүй доод хэмжээ байв. Мөн төгрөгийн заавал байлгах нөөцийг 4.5 нэгж хувиар бууруулсан. Банкны системийн зохистой харьцааны журам, актив ангилах зэрэг хатуу зохицуулалтуудыг мөн л хамгийн боломжит хувилбараар хөнгөлж, чөлөөлж байгаа нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг болж байгаа тухай шинжээчид дүгнэж байна.
Түүнчлэн, оны өмнө анх хатуу хөл хорио тогтоож байх үеэр зээлийн багцууд системийн хэмжээнд ойролцоогоор -6 хувийн үзүүлэлттэй унаж эхэлсэн. Монголд хамгийн их ажлын байрыг бий болгодог үйлчилгээний салбар хөл хорионы үед үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн. Үүнтэй холбоотойгоор Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн шийдвэрээр Монгол Улсын эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий 4 байгууллагын (Монгол Улсын Сангийн Яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпораци) хамтарсан Ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь Г.Дөлгөөнийг томилсон байдаг. Энд эдийн засагт ил тодоор дэмжлэг болж буй арилжааны банкуудын чөлөөт үлдэгдлийг зах зээлд хямд эх үүсвэрээр санал болгох механизмыг боловсруулж, 2 их наяд төгрөгийн багцтай “Ажлын байрыг дэмжих 3 хувийн зээл”-ийн хөтөлбөрийг төлөвлөсөн байдаг.
Тус хөтөлбөрийг 2021 оны гуравдугаар сарын 10-аас эхлүүлснээс хойш өдгөө 5 сар гаруйн хугацаанд 1.8 их наяд төгрөгийн зээлийг амжилттай гаргажээ. Өмнө нь жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээлийн жилийн төсөв ойролцоогоор 50-60 тэрбум төгрөг байсан. Хамгийн өндөр дүнтэй жил нь 100 тэрбум төгрөгийг олгосон байдаг. Харин өдгөө Төв банк, Засгийн газрын хэрэгжүүлсэн энэхүү шийдвэрийн хүрээнд 100,000 орчим ажлын байрыг хадгалж үлдсэн бодит үр дүн бий.

Мөн 10 их наядын цогц төлөвлөгөөтэй уялдуулан өмнө нь төсвөөс хамтардаг байсан орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэрийг 2021 онд Төв банк арилжааны банкуудтай хамтран дангаараа шийдэж буй. Нөгөө талд репо санхүүжилт буюу банкуудын зээлийн идэвхжилийг сайжруулахын тулд энэ жил 700 тэрбум орчим төгрөгийн санхүүжилтийг хийжээ. Энэ нь эргээд аж ахуйн нэгжүүдэд 3 тэрбум төгрөг хүртэлх зээлийг хөнгөлөлттэй буюу зах зээлийн үнээс доогуур авах боломжийг нээж өгсөн. Түүнчлэн цар тахлын үед репо арилжааны эх үүсвэрээс олгосон зээлийн хүүг жилийн 10 хувиар тогтоож, 0.5 нэгж хувиар бууруулав. Олон улсын хэмжээнд ч цар тахлын нөлөөгөөр хөрөнгийн зах зээл, банкны систем, санхүүгийн салбарт нэлээд савлагаа үүсэж байна. Үүний нөлөө 2-3 жилийн дараа илүү хүнд мэдрэгдэнэ гэсэн төсөөллүүд ч бий. Тэр дундаа Монгол Улсын хувьд чанаргүй зээлийн хэмжээ өсөх, системийн хямрал үүсэх эсэхийг бүгд ажиглаж байна. Moody’s, S&P зэрэг олон улсын үнэлгээний байгууллагуудын тайлангаас харахад 10 их наядын цогц төлөвлөгөө, тэр дундаа ажлын байрыг дэмжих зээл, Төв банкнаас гаргаж байгаа репо санхүүжилтийн хөтөлбөрүүд нь бага хүүтэйгээр харилцагчид очсоноор ирээдүйд үүсэх магадлалтай чанаргүй зээлийн хувийг нэмэгдүүлэхээс сэргийлж байна гэсэн дүгнэлтийг өгчээ.
Монгол Улсын хувьд хөрш орнуудтайгаа сайн харилцаатай ч эдийн засгийн хувьд тодорхой хэмжээний хамааралтай гэдэг нь үнэн. Сүүлийн жилүүдэд экспорт буурч, импорт өсөх хандлагатай байна. “Бид дотооддоо үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэй. Энд ялангуяа одоо яригдаж байгаа Засгийн газрын 100 төсөл хөтөлбөр түлхэц болно” гэж Г.Дөлгөөн харж байна. Харин Төв банкны зүгээс хэрэглээ өндөр байгаа энэ үед төлбөрийн тэнцлийг тогтворжуулж, алдагдалгүй болгохын тулд урсгал тэнцэлд анхаарах, валютаа илүү их алдаж байгаа салбаруудаа тогтоох зэрэг судалгааг түлхүү хийж байгаа тухай тэрбээр хэлэв.
Ажлын байрыг дэмжих 3 хувийн зээл”-ийн хөтөлбөрийн хүрээнд 100,000 орчим ажлын байрыг хадгалж үлджээ.
Зээлийн хүүг бууруулах стратегийг өнгөрсөн жилийн намрын чуулганаар баталж, УИХ-аас Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд үүрэг өгснөөр Г.Дөлгөөн Ажлын хэсгийг ахлан ажилласан. Энэ стратегийн дагуу Төв банк бодлогын хүүг түүхэнд байгаагүй доод хэмжээнд буулгасан. “Бид суурь хууль, эрх зүйн орчин болоод бусад гол зохицуулалтуудаа засаж, боловсронгуй болгож чадвал банк, санхүүгийн салбарт бий болсон, цаашид бий болох чанаргүй зээлийн хувь, бусад төрлийн эрсдэл, үйл ажиллагааны зардал буурна. Хүү бага байх нь харилцагчдын нуруун дээрх дарамтаас хөнгөвчилж, санхүүгийн хүртээмж тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг” гэж Г.Дөлгөөн хэлж байна. Төв банкны энэ шийдвэр эргээд бизнесийн олон салбарт эерэг нөлөө үзүүлсэн тухай эдийн засагчид хэлдэг. “Шийдвэр гаргахдаа, гаргасан шийдвэртээ итгэлтэй байхад хамгийн их түлхэц өгдөг зүйл нь бүгдийг хуулийн дагуу хийх байдаг. Энд мөн хамт олны дэмжлэг чухал байдаг ” гэж тэрбээр хэлэв.
Төв банкны төлбөр тооцооны хэсэгт харьяалагддаг банкны салбарын 90 гаруй хувь нь цахимжсан. Энэ утгаараа хөл хорионы үеэр ч банкны салбарын үйл ажиллагаанд доголдол үүсээгүй. “Цахим шилжилт гэдэг зөвхөн цахим төлбөр тооцоогоор хязгаарлагдах учиргүй. Цахим орчинд банк, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ авах, гэрээ, хэлцэл хийх зэргээр харилцагч, хадгаламж эзэмшигчийн хууль ёсны эрхийг хамгаалах, тэдний аюулгүй байдлыг хангах зэрэг олон суурь дэд бүтцийг бүрдүүлэх хэрэгтэй” гэж Г.Дөлгөөн өгүүлэв. Өдгөө тэрбээр Банк, санхүүгийн салбарын зохистой хөгжлийг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд харилцагч, хадгаламж эзэмшигчийн хууль ёсны эрхийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэхээр Банк, санхүүгийн салбарын шинэчлэлийн чухал зорилтуудын нэг болох Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй Ажлын хэсгийн ахлагчаар мөн ажиллаж байнa.
Монгол Улсын мөнгө, санхүүгийн бодлогыг тодорхойлогч Монголбанк, мега төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэгч Хөгжлийн банк, системийн нөлөө бүхий банкуудын нэг Төрийн банк гээд санхүүгийн системийг бүрдүүлэгч байгууллагуудын удирдлагын багт ажиллах бүхий л хугацаандаа Г.Дөлгөөн Монгол Улсын санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зохицуулагч болох Төв банкны үүргийг гол байгаа хэмээн онилж, шинэчлэлийг эрчимтэй өрнүүлж буй санхүүгийн салбарын шинэ дүр төрх аж.