
Монгол Улсын урлаг, соёл, спортын салбарын хөгжлийн түүхэн дэх томоохон бүтээн байгуулалт болж буй олон улсын стандартад нийцсэн ‘МӨСӨН ӨРГӨӨ‘ ордон Шинэ яармаг хороололд сүндэрлэв.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ‘Степпе Арена’ ХХК-ийн ТУЗ-ын дарга П.Цагаан, ‘Анаграм’ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Золбоо, ‘Ачит Ихт’ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Эрдэнэцэцэг, ‘Степпе Арена’ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Батмөнх, ‘Степпелинк холдинг’ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Мөнхтүвшин, ‘Монгол Алт’ /МАК/ ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир, ‘Юнайтэд прожектс корпорэйшн’ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр тэргүүтэй хүмүүс оролцлоо.

‘Мөсөн өргөө’ ордон нь 60х30 хэмжээтэй, 12.7 мянган ам метр талбай бүхий 2600-3600 хүний хүчин чадалтайгаас гадна өвөл, зуны аль ч улиралд ажиллах боломжтойгоороо онцлог аж. Түүнчлэн урлаг, уран сайхны тоглолтод зориулсан дуу авиа, гэрэлтүүлгийн иж бүрэн төхөөрөмжөөр тоноглож, огторгуйн хийцлэл, ЗИП дээврийн систем, эвхэгддэг шал, хөргүүр, консол, агаар сэлгэлтийн инженерчлэл зэрэг шинэ технологи, шилдэг шийдлийг цогцлоосон бүтээн байгуулалт болсон юм.

Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ ‘Миний бие дөрвөн жилийн өмнө Шадар сайд байхдаа мөсөн ордны төсөлтэй танилцаж, Ерөнхий сайд байхдаа өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын хамт мөсөн өргөөний бүтээн байгуулалтын талаар холбогдох байгууллагуудтай хэлэлцэн, ярилцаж байсан. Үндэсний компаниуд эвлэлдэн нэгдэж, ард түмнийхээ хүсэл мөрөөдлийн нэг болох мөсөн өргөөг цогцлоон босголоо. Монгол Улсад анх удаа инженерийн цоо шинэ техник, технологийг нутагшуулж, хүнд нөхцөл байдалд бэрхшээл, асуудлыг даван туулж, их бүтээн байгуулалтыг хийсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал дэвшүүлж байна’ гэв.

Уг бүтээн байгуулалтад нийтдээ Монголын 95, гадаадын 6 компани, 1600 барилгачин, инженер техникийн ажилтнууд оролцсон байна. Тухайлбал, уг төслийг ‘Степпе Арена’ ХХК-ийн санаачилж, ‘Степпелинк холдинг’, UPC, MAK зэрэг үндэсний компаниуд бараа бүтээгдэхүүн, менежментээр хөрөнгө оруулан, ‘Ачит Ихт’ компани гол хөрөнгө оруулагчаар ажилласан байна. Мөн эдгээрээс гадна ‘Эс Ди Инженеринг’, ‘Анаграм’, ‘Степпе Солар’, ‘Монгол өмгөөлөл’, ‘Премиум’, AVINEX зэрэг компаниуд тус тус гар бие оролцжээ.
Тус ордны зураг төсөл, барилга угсралтын ажлыг Канадын HDR|CEI, VDA зэрэг спортын барилга байгууламжийн зураг төслийн мэргэжлийн байгууллага, архитерторчдоос зөвлөгөөг авч, ‘Анаграм’ ХХК гүйцэтгэсэн байна.
Мөн энэхүү төсөлд дотоодын байгууллагуудаас гадна ОХУ, БНХАУ, Канад, АНУ, Австри зэрэг олон орны инженер техникийн ажилтнууд оролцсон нь олон улсын жишиг төсөл болох суурь болж байна.
Дашрамд дурдахад, анх энэ төрлийн ордон 1862 онд Канадын Монреал хотод баригдаж байжээ.



