
Олон улсын төслийн удирдлагын PMBOK стандартыг Монгол Улсад нутагшуулах чиглэлээр 8 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй ‘PMI Mongolia Chapter’ байгууллагаас энэ жил ‘Төслийн эдийн засгийг хөгжүүлье’ олон улсын хурлыг өнгөрсөн долоо хоногт /2021.09.24/ амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Уг хуралд Монголын томоохон групп компаниудын удирдлагууд, бизнес эрхлэгч, манлайлагч эрхэмүүд тус тус оролцлоо.
Хурлаар ‘Ногоон сэргэлт ба эрсдэлийн менежмент’, ‘Ажайл буюу хурдацтай дасан зохицох арга зүй’, ‘Тогтвортой хөгжил’ хэмээх гурван үндсэн талбар бүхий хэлэлцүүлгийг өрнүүллээ.
Энэ үеэр, Олон Улсын төслийн удирдлагын Институтийн Ази, номхон далайн бүс хариуцсан захирал Бэн Брийн онцлох илтгэлээ танилцууллаа. Тэрбээр илтгэлдээ ‘Мэдлэг чадвартай ажилчдаа дэмжин, өсөн хөгжихөд байгууллагын соёл маш чухал байдаг. Цаашид цар тахалтай холбоотойгоор ажилчдаас шаардагдах ур чадвар улам нэмэгдсээр байх болно’ гэв.
PMI нь дэлхийн 185 оронд 300 гаруй салбартай ашгийн бус мэргэжлийн байгууллага юм. Анх 1969 онд АНУ-д төслийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд хамтран PMI буюу Төслийн удирдлагын хүрээлэнг байгуулсан юм. Энэ нь олон нийтийн сайн дурын байгууллага бөгөөд төслийн удирдлагын салбарыг хөгжүүлэх, салбарт тулгамдаж буй асуудлыг нэгтгэж стандартад оруулах, энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх зорилготойгоор нээжээ. Өдгөө монгол Улсад PMP төслийн удирдлагын сертификатыг эзэмшсэн 75 гаруй мэргэжилтнүүд бий.

Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон “Монгол Улсад өнөөдөр микро түвшнээс макро түвшин дэх бүх салбарын төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Гэвч манай улсад төсвийн менежменттэй, нэгдсэн системтэй удирдлага байхгүйгээс үүдэн төсөл гацах, зогсох, хойшлох зэрэг эрсдэлүүд үүсэж байна. Сүүлийн жишээ гэхэд, өнгөрсөн долоо хоногт Хятад Улс нүүрсний төслүүдийг санхүүжүүлэхгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Энэ дагуу Тавантолгойн уурхайг түшиглэн цахилгаан станц барих төсөл зогсож байна. Энэ мэтчилэн цахим хувьсгал, дэвшилтэт технологи асар хурдацтай хөгжиж буй өнөө цагт нийгэм, эдийн засгийн хөгжлийг төслийн менежментийн стандарттай уяж, боловсон хүчний мэдлэг, туршлагыг нэмэгдүүлэх, монгол компаниудын чадавхыг дээшлүүлэх тал дээр анхаарч бүх түвшинд төслийн менежментийн системийг нэвтрүүлэх хэрэгтэй’ гэв.

Азийн хөгжлийн банкнаас гаргасан судалгаагаар Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын тогтвортой хөгжилд 2016-2030 онд 26 тэрбум их наяд ам.долларын дэд бүтцийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж гарсан байна. Эдгээр томоохон төсөл, хөтөлбөрүүдэд Монгол Улс оролцох бүрэн боломж байдаг ч манай улсад мэргэшсэн төслийн мэргэжилтэн байхгүйгээс боловсон хүчний асуудал нэн тэргүүний асуудал болоод буй юм. PMI байгууллагаас гаргасан дотоодын судалгаагаар Монгол Улсад энэ төрлийн 3000 мэргэжилтэн байх ёстойгоос дөнгөж 75 орчим хүн байгаа юм.

Мөн тус байгууллагын Нарийн бичгийн дарга Б.Хулан хэлэхдээ “Цаашид төсөл удирдах ур чадварыг Монгол хүн бүрт салбарын хязгааргүйгээр суралцах боломжийг олгож, бүх төрлийн сургалт, үйл ажиллагааг түгээж ажиллана ‘ гэлээ.