
Дэлхийн даяар автомашины чипний хомстол үүссэний улмаас автомашины үйлдвэрлэл багасч, ирэх онд 7-9 сая нэгжээр буурах тооцооллыг BCG (Boston Consulting Group) группээс гаргажээ. Тэдний тооцоолсноор уг хямрал нь 2022 оны хоёрдугаар улирал хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.
Уг хомстолд хамгийн их алдагдал хүлээгээд буй компаниар Ford нэрлэгдэж буй бөгөөд үйлдвэрлэл нь 700 мянган нэгжээр багасжээ. Түүнчлэн Stellantis 600 мянга орчим нэгжээр, Renault, Nissan, Mitsubishi зэрэг компаниудын автомашины үйлдвэрлэл 415 мянга гаруй нэгжээр тус тус багассан байна.
Мөн өнгөрсөн долоо хоногт ‘Форд’ компаниас Энэтхэг дэх үйлдвэрлэлээ зогсоох шийдвэр гаргаснаа зарласан бөгөөд Энэтхэг улсыг орхиж буй гурав дахь АНУ-ын машин үйлдвэрлэгч компани болж буй юм.

Энэ оны эхний улирлын байдлаар дэлхийн хэмжээнд автомашины үйлдвэрлэл 1,4 сая нэгжээр буурсан үзүүлэлттэй байсан бол хоёрдугаар улиралд энэ тоо 2,6 сая болж нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор «ВТБ Капитал»-ын шинжээч Владимир Беспалов хэлэхдээ ‘Дэлхийн автомашины үйлдвэрлэл 2020 оны хоёр дугаар улирлаас эхлэн сэргэсэн ч бусад салбарын чипний эрэлт буурахгүй байсан нь хомстол үүсэх нэг шалтгаан болсон’ гэв.