
Цар тахлын нөлөөгөөр БНХАУ-ын талаас татах нүүрсний хэмжээ огцом буурч, 2021 оны эхний найман сарын байдлаар 29 бүсэд гурван уурхайн 8,6 сая тонн нүүр хуримтлагдаад байсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас нүүрсний экспорт бүхий хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр Гашуунсухайт хилийн боомтод чингэлэгт тээврийн терминалыг хоёр сарын хугацаанд барьж дуусгажээ. Санхүүжилтийг 60 хувийг “Эрдэнэс Таван Толгой” ХК, 15 хувийг “Таван-толгой” ХК, 25 хувийг “Энержи Ресурс” ХХК гаргажээ. Төслийн гүйцэтгэгчээр “Энержи Ресурс” компани ажиллаж, нийт 30 га талбайд терминал байгуулж, улсын комисс хүлээж авчээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хэлэхдээ “Чингэлэгт тээврийн терминал нь 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, өдөрт 8100 чингэлгээр тээвэр хийж, жилд 8 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй ажиллана. Терминалын ачиж буулгах тоног төхөөрөмж, техникийн хүчин чадлыг талбайн чингэлэг тээврийн эрчимтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлснээр терминалаас экспортлох нүүрсний хэмжээ 8-19 сая тонн хүртэл өсөх боломжтой” гэлээ.
Терминалын үйл ажиллагааг бүрэн автоматжуулан “УХААЛАГ ГАРЦ”-ын систем нэвтрүүлэн бүртгэл хяналтыг цахим хэлбэрт шилжүүлснээр терминалаас ачилт хийх захиалгыг 7-14 хоногийн өмнө авч гаалийн бүрдүүлэлтийг урьдчилан хийх боломж бүрдэх юм. Мөн уртын (20:30-7:30) болон богинын (8:00-20:00) тээврийн ачилтын цагийг давхцалгүйгээр зохион байгуулж, жолооч нар харилцаа үүсэхгүйгээр терминалаар дамжин тээвэрлэлт хийхээр зохицуулжээ.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар