Миний бие хоёр жилийн өмнө энэ буланг нээхдээ Номхон далайн хоёр эргийг онцгойлж байв. Тодруулбал, “Зүүн эрэг” буюу Цахиурын хөндий, Сиэтлд төвлөрсөн АНУ-ын технологийн болон венчур хөрөнгө оруулалтын компаниуд, “Баруун эрэг” буюу Зүүн Өмнөд Азийн эрчилсэн зах зээл.
Энэ хоёр эрэг өөр хоорондоо далайгаар тусгаарлагдаж, түүх, соёлоороо ялгардаг ч бодсоноос илүү нийтлэг шинжтэй. 2020 оны эдийн засгийн өсөлтийг нь авч үзье. АНУ-ын ДНБ 3.4 хувиар, АСЕАН-ын таван орны ДНБ 3.5 хувиар буурчээ. ОУВС-ийн зүгээс 2021 онд АНУ-ыг 5.1 хувь, АСЕАН-ын таван орныг 5.2 хувийн өсөлт үзүүлнэ гэж таамаглаж байна.
АСЕАН-ын тав буюу Индонез, Малайз, Филиппин, Сингапур, Тайланд улс нийт 460 сая хүн амтай бол АНУ 330 сая хүн амтай. АНУ-ын хүн амын дундаж наслалт АСЕАН-ы орнуудынхтай харьцуулахад арав орчим жилээр илүү, Хятадтай ойролцоо боловч Европ, Японыхоос арай бага. АНУ болон АСЕАН-ын таван улсын аль аль нь технологийг өргөнөөр нэвтрүүлснээс гадна бизнес эрхлэх хандлага өндөр байдаг. Энэ бол эерэг байх шалтгаан мөн.
Гэхдээ вирус яах болж байна гэж та асуух байх. Вакцины нэр төрөл олширч байгаа ч Covid-ийн мутацууд ихсэж байна. Аль нь хэзээ дийлэх бол? Цар тахал эдийн засгийг 2021 онд хэвэнд нь оруулахгүй юу? Covid хүн төрөлхтний хувьд эмгэнэл боловч эдийн засгийн түүхэнд жижиг үйл явдал юм. 2021 он болон дараагийн хэдэн арван жилд дижитал хувьсгал хурдацтай өрнөж, бүтээлч сүйрэл, тогтворгүй байдал хүчтэй мэдрэгдэх болно.
Технологи хүнд хэцүү цаг үед хурдацтай хөгжиж байгаа нь содон үзэгдэл мэт санагдаж магадгүй. Гэхдээ түүх үүнийг батлан харуулдаг. 1930-аад онд автомашин, радио, тэнгэр баганадсан цамхаг, хатуу хучилттай зам өргөнөөр нэвтэрсэн. Нисэх онгоцыг аэродинамикийн загвараар өөрчилсөн. Тийрэлтэт хөдөлгүүрийг 1940-өөд оноос цэргийн нисэх онгоц, 1950-иад оноос арилжааны онгоцонд суурилуулж эхэлсэн боловч 1930 онд патентлагдаж, 1937 онд анх үйлдвэрлэгдэж байв.
1970-аад онд Их Британид нүүрсний уурхайн ажил хаялт өрнөж, АНУ-д бодлогын хүү 18 хувь хүрч, Хятад, Зүүн Өмнөд Ази үймээн самуун, дайн, өлсгөлөнд нэрвэгдэж, дэлхий даяар газрын тосны хямрал нүүрлэсэн билээ. Гэсэн хэдий ч Япон, Баруун Герман бүтээгдэхүүний дизайн, үйлдвэрлэлийн шинэчлэл эрчимтэй өрнүүлсэн бол АНУ-ын шинэхэн бизнес эрхлэгчид “Amgen”, “Apple”, “FedEx”, “Microsoft”-ийг бүтээсэн байна.
1990-ээд оны эхээр эдийн засгийн уналт богино хугацаанд үргэлжилсэн боловч компаниудыг тооцооллын хэрэгцээгээ шинэчлэхэд хүргэсэн юм. Тодруулбал, хямд өртөгтэй өөр хувилбар буюу хямдхан компьютерүүдтэй холбогдох сүлжээ. Хүчирхэг “IBM” компани 1992 онд тухайн үеийн АНУ-ын түүхэнд хамгийн өндөр алдагдал хүлээсэн байдаг.
Харин өнөөдөр яаж байна? Дэлхийг хамарсан тооцооллын шинэ сүлжээ, үйлчилгээний багцууд төржээ. Үүлэн тооцоолол, дижитал платформ, байгууллагад зориулсан хиймэл оюун ухаан, супер хурдан суурилуулалт зэрэг технологийн зэрэглэл гэнэт өөрчлөгдөж эхэлсний улмаас “CrowdStrike”, “Palantir”, “ServiceNow”, “Snowflake” нарын анхны хөрөнгө оруулагчид үлэмж хэмжээний баялаг хүртэж байна. Финтек салбарт ноёлогч “Ant Financial” түүхэн дэх хамгийн том IPO хийх байр сууринд байсан бөгөөд магадгүй үүнийгээ батлах харуулах байх. Дижитал өөрчлөлтийг хурдацтай нэвтрүүлсэн Сингапур, Шэньжэнь, Цахиурын хөндий, Сиэтл гэх мэт бүс нутаг цэцэглэн хөгжиж байна. Өдгөө араас нь Жакарта, Сан-Диего нэхэж буй.
Өсөлтөд тулгуурласан хөрөнгө оруулагчид үнэ цэнэд тулгуурласан хөрөнгө оруулагчдыг ардаа орхижээ. Хувьцааны ханш үргэлж дундаж түвшиндээ дахин хүрдэг. Гэхдээ бага үнэлгээтэй хувьцаа бүхэн тэгэхгүй. Тэдгээрийн 25-50 хувь нь Covid-ийн эрэлт хэрэгцээ, өндөр хурдаар өөрчлөгдөж буй технологид дасан зохицох чадваргүй учир хоцрогдон үлдэж магадгүй юм. 2021 онд сэргэлэн, ухаалаг байхыг танд зөвлөж байна.