Технологийн гигантуудын төдийлөн сонирхож нэвтрээгүй нөөц бага, хүн ам цөөн орнуудын зах зээлд Монголын “Chimege Systems” компани өөрсдийн хөгжүүлсэн дуун технологийг нэвтрүүлж, амжилт олно гэж үзэж байна.
Хүн нэг цагийн аудио бичлэгийг бичвэрт хөрвүүлэхэд хамгийн хурдандаа таван цаг, энгийн хурдаар ойролцоогоор найман цаг шаардлагатай гэх дундаж тооцоолол байна. Харин Chimege writer нь энэ хугацааг 75-120 дахин хэмнэх буюу нэг цагийн дуун бичлэгийг дөрвөн минутад бичвэрт хөрвүүлдэг. Өөрөөр хэлбэл, хүний нэг өдрийн ажлыг тус технологи дөрвөн минутад хийж гүйцэтгэх аж.
Үйлдвэрүүдэд робот ажиллаж, биеийн хүчний бүхий л төрлийн ажлыг хийж гүйцэтгэхэд ямар ч төвөггүй болсон. Харин өдгөө оюуны хөдөлмөрийг автоматжуулахаар дэлхийн технологийн салбар тэр чигтээ ажиллаж байна. Оюуны хөдөлмөрийг автоматжуулах процессын суурь нь яриаг бичвэр, бичвэрийг яриа болгох технологи юм. Өдгөө 27.7 тэрбум ам.доллараар хэмжигдэж, ирэх таван жилд 2.5 дахин өсөх тооцоололтой тус зал зээлийг Microsoft, Google, Amazon, IBM, Facebook, Baidu тэргүүтэй томоохон тоглогч тэргүүлэн хөгжүүлж байна. Харин Chimege Systems компанийн хувьд дээрх тоглогчдын “гар хүрээгүй” хэлнүүдийг яриа, бичвэрт хөрвүүлэхээр судлан, нэвтэрч байгаагаараа онцлог аж.
“Chimege бол хүн, аппликейшн, эсвэл систем биш, харин технологи юм. Энэ технологийг ашиглан бид олон төрлийн аппликейшн, системийг хөгжүүлж, үйлдвэрлэж, бүх салбарт инноваци хийж болно” хэмээн “Chimege Systems” компанийн үүсгэн байгуулагч С.Бадрал хэлэв. Хөгжингүй орнуудад түгээмэл ашиглаж байгаа ч нөөц багатай, цөөн хүн амтай орнуудын иргэдийн хувьд гадна нь үлдсээр байгаа дуун технологийн шийдлийг “Chimege Systems” компани дотоодын зах зээлд нэвтрүүлсэн нь саяхан ч өдгөө өдөрт дунджаар 250 мянга гаруй хүн тогтмол ашиглаж байна. Chimege нь манайхаас хэдэн сая дахин их хүн хэрэглэдэг хэлнүүдийн боловсруулалтаас 20 дахин бага нөөцийг ашиглан бүтээсэн ч тухайн үгийг зөв таних буюу монгол хэлний нарийвчлалыг 97 хувь хүртэл таних чадвартай юм. Өөрөөр хэлбэл, тэд англи, герман зэрэг дэлхийн нийтлэг хэрэглэгддэг хэлнүүдтэй ижил хэмжээнд технологио бүтээж, хөгжүүлж чадсанаараа бага нөөцтэй хэлийг их нөөцтэй хэлний түвшинд хүргэн судалж, хэл шинжлэлийн салбарт инноваци нэвтрүүлсэн дэлхийн анхны компани болсон хэмээн тэрбээр тодруулав. “Chimege бол хүн бүрийн мэддэг Apple-ийн “Siri” гэсэн үг. Бид энэхүү технологио ашиглан монгол хэлэнд Personal Assistant буюу хувийн туслах хөгжүүлж байна. Манай технологийн тусламжтай бүх салбарт инноваци хийх боломж нээгдсэн. Тухайлбал, байгууллагууд дуудлагын төвдөө виртуал оператор ажиллуулж, хүний хийдэг ажлыг роботоор хийлгэх боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр компаниуд үйл ажиллагааны зардал, эрсдэлээ бууруулж, бүтээмж, үр ашгаа өсгөж, чанараа сайжруулах боломжтой” хэмээн С.Бадрал хэлэв.
Анх санаагаа гаргаснаас хойш нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаж, хиймэл оюуны “Chimege Systems” компанийг бойжуулсан нь дэлхийн жишигтэй харьцуулахад хэдэн зуу дахин хямд өртөг юм. Тэрбээр “Бид бэлэн үрслүүлсэн цэцгийг шууд тарьчхаагүй. Суулгах хөрс, үрсэлгээ нь байхгүй ургамлын шинэ төрлийг ургуулж байна гэж хэлж болно. Нэгэнт бизнес учраас бид технологийг бүтээсэн зардлаа нөхөх хэрэгтэй. Тиймээс төлбөртэй системүүдээ хөгжүүлэн, шинэ зах зээл үүсгээд явж байна” гэлээ.
Робот хүнтэй, роботууд хоорондоо харилцдаг бүрэн автомат, дижитал ирээдүйн суурь нь дуу яриаг бичвэр, бичвэрийг яриа болгон хөрвүүлэх дуун технологи юм. Энэхүү технологийн тусламжтайгаар өдгөө хүн төрөлхтөн ухаалаг төхөөрөмжүүдийг илүү өндөр түвшинд ашиглахыг хүсэж, хэрэглээний бүх төхөөрөмжийг дуу хоолойгоороо удирдах боломжтой болж байна. Олон улсын технологийн салбарт аудио зах зээл шинээр бүрэлдэж, хаана аудио, видео байна бүгдийг нь бичвэр шиг ашиглах боломж бүрдэж буй. Монгол шиг нөөц багатай хэлээр ярилцдаг орнууд ч энэ хувьсгалаас хоцрохгүй бөгөөд Chimege Systems энэ зах зээлд нэвтрэхээр ажиллаж байна. Тус компани EguneGer ухаалаг спикерийг 2021 онд багтан үйлдвэрлэхээр төлөвлөн техникийн загвараа гаргаж, технологийн хувьд бэлэн болсон бөгөөд хэрэглээнд нэвтрэх хугацаа нь хөрөнгө оруулалтаас шалтгаалахаар байгаа тухайгаа дуулгалаа. Ямартай ч хөрөнгө оруулалтаа амжилттай татаж чадвал монголчууд энэ ондоо багтан гэрийн ухаалаг төхөөрөмжүүдээ эх хэлээрээ удирдах виртуал туслахтай болохоор байна. “Бидний хувьд дараагийн хөгжүүлэлтүүдээ хийхэд хамгийн том асуудал нь хөрөнгө оруулалт байна. Мэдээллийн технологийн салбарын хөрөнгө оруулалт олон жилийн дараа нөхөгддөг онцлогтой. Харин хөрөнгө оруулалтаа нөхөхдөө үр ашиг нь өндөр ирдэг давуу талтай салбар. Гэтэл манайд стратегийн гэхээс илүү эдийн засгийн сонирхол нь давамгайлсан хөрөнгө оруулагчид их байна” хэмээн тэр дурдав.
Бичвэрийг яриа болгоход робот дуу хоолойг хүн шиг болгохын тулд ритм, интонаци, эмоци, сэтгэл хөдлөлийг илэрхийлэх асуудлыг одоог хүртэл дэлхий дахинд шийдэж чадаагүй, хөгжүүлсээр байна. Энэ технологийн үндсэн үйл ажиллагаа нь одоогоор ном, бичвэрүүдийг ярианд хөрвүүлэх, мөн зарлах, интерактив систем, робот, дуудлагын төвүүд, компьютероос хүн рүү чиглэсэн бүх харилцааг зохицуулах боломжтой байна. Гэсэн ч тэдний бүтээсэн суурь технологийг ашиглан бид амьдралаа хялбарчилж, бизнестээ инноваци хийх боломжтой боллоо. Энэ технологи цаашид илүү сайн хөгжиж, бусад орны хэлнүүдтэй нийцэн хоорондоо хөрвөх байдлаар угсрагдаж чадвал монгол хүн дэлхийн аль ч оронд очсон өөрийнхөө хэлээр ямар ч төвөггүй ойлголцох боломж бүрдэх юм. Дэлхий дээр 7,000 орчим хэл бий. Харин Chimege Systems хүн ам цөөн, нөөц багатай хэл ашигладаг орнуудын иргэдийн дэлхийтэй холбогдох хэлний бэрхшээлийг арилгахаар зорьж буй.
Chimege технологиор нэг цагийн яриаг бичвэр болгох үнэлгээ нь 19,800 төгрөг. Энэ нь хүнээр хийлгэхээс 50 хувиар хямд бөгөөд цаг хугацааны хувьд ч илүү хэмнэлттэй гэдгийг өмнө дурдсан. Цар тахлын улмаас хөл хорьсон хүнд цаг үед нээлтээ хийн зах зээлд нэвтэрсэн ч тус компани 2021 оны эхний таван сард аж, ахуйн нэгж, Засгийн газартай хамтын ажиллагааны 40 орчим хэлцэл хийж, 50,000 ам.долларын орлогыг төвлөрүүлээд байна. Түүнчлэн тус компани Монголоос зургаа дахин илүү хүн амтай, технологийн зах зээл нь хурдацтай өргөжиж буй Казахстаны зах зээлд технологио нэвтрүүлэхээр бэлтгэж байна. Өдгөө технологийн хөгжүүлэлт нь казак үгийг 87 хувийн нарийвчлалтай таних түвшинд хүрсэн бөгөөд ирэх 2-3 сард 95 хувьд болгохоор тооцоолж байна. Үргэлжлүүлэн Киргиз, Узбекистан, Турк зэрэг орны зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр зэхэж байна.
“10 гаруй жилийн турш унаж, босож явсан ч миний зорилго тодорхой байсан. Би монгол хэлний асуудлыг цогцоор нь шийдэхийг л зорьсон. Ингэхдээ өөрийнхөө хамгийн сайн мэддэг зүйлийн тусламжтайгаар шийдэл хайсан. Тухайн үед монгол хэлээр харилцдаг робот технологийг хөгжүүлэх зорилготой байлаа. Ингээд 2019 онд “Chimege Systems” компанийг үүсгэн байгуулсан. Би зорилгынхоо дагуу хийхээр төлөвлөж байгаа зүйлсээ хийгээд л явна. Магадгүй хэдэн жилийн дараа бидний хийж байгаа зүйлс томоохон компаниудын хараанд өртөж болно. Учир нь бид тэдний хийгээгүй зүйлсийг хийж байгаа” хэмээн С.Бадрал өгүүлэв. Тус компани нь Space X, Airbnb, Calm, 23andMe зэрэг компанид, мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, финтек зэрэг чиглэлийн инновацид 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад буй “Pegasus Tech Ventures” компанийн санаачлан хэрэгжүүлдэг Startup World Cup 2021 тэмцээний Монголын бүсийн ялагч болж, энэ оны арваннэгдүгээр сард олон улсад өрсөлдөхөөр болсон. Энэ тухай С.Бадрал “Цахиурын хөндийд гарааны бизнесүүдтэй өрсөлдөхөд өмнө нь өөр хэний ч хийгээгүй суурь технологийг шийдсэн гэдэг нь бидний давуу тал болно гэж харж байна” гэв.
Chimege Systems технологийн хувьд гуравдагч этгээдээс хамаарахгүйгээр суурь технологиудаа 100 хувь өөрсдөө хийж, хөгжүүлдэг. Түүнчлэн дата баазаа ямар нэгэн компанийн серверт даатгах бус бүхэлд нь өөрсдөө хариуцдаг. Өөрөөр хэлбэл, технологийн хувьд эрх чөлөөтэй, тусгаар тогтносон байдлаа хангахын тулд тус компани томоохон газруудын технологи, серверүүдийг хэрэглэдэггүй аж. Герман, Монгол, Канад, Сингапур зэрэг оронд ажиллаж, амьдарч буй монгол инженерүүдээр технологийн багаа бүрдүүлсэн Chimege Systems компани олон улсын зах зээлд Монголоос гарсан тэрбум ам.долларын үнэлгээтэй компани болох том зорилттой. Зорилгынхоо тухай тэрбээр “Магадгүй хүмүүс хэтэрхий том зорилготой гэж хэлж болох ч одоогийн бидний баг, туршлага, нөөц боломжоо харахад биелэх бүрэн боломжтой” хэмээн өгүүлэв.