Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Амьдралын хэв маяг

Дэлхийн боловсролын салбарт өрнөж буй реформ

by Purevjargal Altansukh
1 year ago
Reading Time: 1 min read
Share on FacebookShare on Twitter

RELATED STORIES

Хямрал дундаас боломжийг олж харах гурван арга

Хямрал дундаас боломжийг олж харах гурван арга

28/06/2022
Амьдрахад хамгийн таатай хотуудын 2022 оны жагсаалт гарчээ

Амьдрахад хамгийн таатай хотуудын 2022 оны жагсаалт гарчээ

27/06/2022

Цар тахлын үед дэлхий даяар дижитал боловсролын rсалбарын хөрөнгө оруулалт, хэрэглэгчдийн тоо, хэрэглээ урьд өмнө байгаагүйгээр өслөө. 2025 он гэхэд тус зах зээлийн үнэлгээ одоогийнхоос хоёр дахин өсөж 325 тэрбум ам.долларт хүрэх урьдчилсан тооцоолол байна.

Тахлын үед эрчимжсэн цахим шилжилтэд хамгийн түрүүнд үр дүнтэй дасан зохицож буй салбаруудын нэг нь боловсролын салбар. Цахим сургалтын талаарх эргэлзээ буурч, дэлхийн боловсролын системийн үндсэн чиг хандлага боловсролын технологи руу шилжиж байна. Covid-19 цар тахал бусад салбарын адил боловсролын стандарт, загварыг сүйтгэжээ. Гэсэн ч боловсролын технологийн стартапууд олон жилийн турш хэрэгжүүлснээсээ илүү олон программын шинэчлэлтийг сүүлийн хэдхэн сард хийж, салбарын сайн компаниуд өсөлтийнхөө хэдэн жилийг алгасах боломжийг цар тахал өглөө.

Боловсролын технологийн салбар 2020 онд хөрөнгө оруулагч, хэрэглэгчдийн сонирхлыг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр татаж Америк, Энэтхэг, Хятад, Их Британи зэрэг орон энэ чиглэлийн технологийн хөгжүүлэлтээрээ тэргүүлсээр байна. Харин хэрэглээ, энэ төрлийн

стартапын тоогоороо Энэтхэг, Хятад орон тэргүүлж байна. Энэтхэг улсын хувьд 1.5 сая орчим сургуультай боловч 20 мянга хүрэхгүй нь дижитал холболттой. Тиймээс тахлын үед боловсролын технологийн стартапууд нь сургуулиудыг офлайнаас онлайн горим руу шилжихэд туслахаар яаравчлав. KPMG байгууллагын тооцоолсноор өдгөө Энэтхэгт боловсролын технологийн 3,500 гаруй стартап бий бөгөөд 2030 он гэхэд тус улс боловсролын технологийн салбарт оруулах хөрөнгө оруулалтаа 10 тэрбум ам.долларт хүргэхээр байна. 2019 онд тус улсын боловсролын технологийн стартапуудын санхүүжилт 522 сая ам.доллар байсан бол 2020 онд бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт буюу 2.2 тэрбум ам.долларт хүрчээ. Цар тахал дэгдсэн сүүлийн 12 сарын хугацаанд онлайн боловсролын систем нь хэрэглэгчдийн өсөлт, хөрөнгө оруулалтаараа тэргүүлээд зогсохгүй твиттерийн чиг хандлага, Google хайлтаар ч тэргүүлсээр байна. Google Trends компанийн мэдээлснээр 2020 оны 4-12 сарын хооронд Энэтхэгийн интернэтэд ‘edtech’ хайлт 60 хувиар өсчээ. Мөн хэрэглэгчдийн боловсролын аппликейшнд зарцуулах дундаж хугацаа 30 хувиар нэмэгдсэн байна.

Cанхүүжилтийн өсөлтөөс гадна энэ зах зээлд ажиглагдсан өөр нэг үзэгдэл нь BYJU’S, Unacademy зэрэг тэрбум ам.доллараас дээш үнэлгээтэй компаниуд салбарынхаа жижиг гарааны бизнесүүдийг нэгтгэн илүү хүчирхэгжиж, үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж байна. Түүнчлэн тахлын нөлөөгөөр үүссэн шинэ хэв маягийг даган онлайн сургалтын шинэлэг платформууд үүсгэн байгуулагдаж байгаа тухай салбарынхан хэлж байна.

Цар тахлын өмнө ч дэлхий даяар боловсролын технологийн салбар, стартапууд хурдацтай хөгжиж байсан юм. Гадаад хэл сургалтын “Duolingo” компани хамгийн сүүлд 30 сая ам.долларын санхүүжилт босгож, 1.5 тэрбум ам.долларын үнэлгээтэй болов. Өмнө нь эцэг эх, сурагчид онлайнаар сургалт авч, хичээл заалгах нь тийм ч үр дүнтэй биш гэж үздэг байсан ч 2020 онд онлайн сургалт нь цорын ганц сонголт болсон. Ийнхүү цар тахалтай зохицон амьдарч буй хүн төрөлхтний сэтгэлгээнд өөрчлөлт гарч үр дүнг нь мэдэрч эхлээд байна. Өдгөө сургууль, хүүхдүүд, гэр бүл, байгууллагууд дижитал сургалтын нөөцийг урьд өмнөхөөс илүү их шаарддаг болсон учраас өсөлтийн хурд нь илүү өндөр байх болно хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна. Энэ утгаараа ирээдүйд боловсролын салбарын шинэчлэл, бүтцэд орох цахим өөрчлөлтөд боловсролын технологийн стартапууд голлох үүрэг гүйцэтгэх нь тодорхой боллоо.

100 хувь уламжлалт сургалтын орчинтой байсан манай улсын боловсролын системд цар тахал хүчтэй цохилтыг өглөө. Тиймээс сургалтын орчин, арга хэлбэр, хэрэглэгдэхүүнийг цахим зууны иргэдийн хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөхөөс өөр аргагүйд хүрсэн. Ингээд харахад боловсролын технологийн салбар, дижитал сургалтын орчин төдийлөн суурьшаагүй байсан манайх шиг орнуудын хувьд цар тахлаас үүдэн хамгийн их хохирол амссан салбаруудад боловсролын салбар яах аргагүй багтсан. “Дэлхийн банктай хамтарч судалгаа хийхэд цар тахал цаашид үргэлжилж, хэрэв энэ намар хичээл танхимаар хичээллэхгүй бол ирэх 3-5 жилийн хугацаанд Монголын эдийн засагт ирэх шууд ба шууд бус нөлөө хоёр тэрбум орчим ам.доллар буюу 5.6 их наяд төгрөгт хүрч, улсын төсвийн тал хувьтай тэнцэх хохирол гарахаар байна” хэмээн Засгийн газрын 100 хоногийн уулзалтын үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлж байсан юм.

Монгол Улсын хувьд нэг хичээлийн жилд 165-180 хоног байдаг бол 2020 онд 40 орчим хувийг цахимаар, 60 хувьд нь танхимаар хичээллэсэн. Харин 2021 онд дээрх 165 гаруй хоногийн дийлэнх 110 хоногт цахимаар буюу теле хэлбэрээр хичээллэлээ. Цар тахал гарахаас өмнө ч хоцрогдол аль хэдийнэ үүссэн байсан манай боловсролын салбарт өдгөө тахлын өмнөх болон дараа үүссэн хоцрогдлыг арилгах реформыг боловсролын технологийн компаниудын тусламжтайгаар цаг алдалгүй хийх шаардлагатай байгааг салбарынхан сануулж байна.

Тахлаас шалтгаалан нэг шөнийн дотор хаалгаа хааж, онлайн сурах чиглэлд шилжсэн нь эрэлт нь аажмаар нэмэгдэж байсан дижитал боловсролын бүтээгдэхүүний өсөлтийг хурдасган, бий болгосон боломжийг олж харсан хөрөнгө оруулагчид энэ төрлийн стартапуудад мөнгө цацаж эхэлсэн тухай дотоодын боловсролын технологийн салбарт голлох нөлөө бүхий “Tomyo” платформын үүсгэн байгуулагч В.Баярсайхан хэлж байна. Тус платформын хэрэглэгчдийн идэвх цар тахал дэгдэж эхэлснээс хойш сар бүр тогтмол 100 гаруй хувийн өсөлттэй байгаа бөгөөд шинэ хэрэглэгчдийн тоо 75 хувиар өсчээ. Үүсгэн байгуулагдаад нэг жил болж байгаа тус платформ өдгөө 170,000 хэрэглэгчтэй болж, төлбөртэй сургалтуудад хамрагдаж буй хэрэглэгчдийн тоо нь тахлын үед 10 дахин нэмэгдсэн байна. Цар тахалтай холбоотойгоор ажилгүйдэл нэмэгдэж, залуус гадагшаа явж сурах зэрэг боломж нь хаагдсанаар гадаад хэлний мэдлэгээ тэлэх, төрөл бүрийн ур чадвараа сайжруулах, өөрийгөө хөгжүүлэх боломжийг хайж эхэлсэн нь тус платформын өсөлтөд голлон нөлөөлжээ. Ийнхүү тахлын үед нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаж, компанийн үнэлгээ нь хоёр дахин нэмэгдсэн тус платформ өдгөө хиймэл оюуны тусламжтайгаар виртуал орчинд суралцах боломжийг олгох шинэ шатны хөгжүүлэлтүүдийг хийж байна.

Түүнчлэн дотоодын зах зээлд гадаад үг цээжлэх, үгсийн сангаа нэмэгдүүлэх “Memo words”, “Hippocards” зэрэг аппликейшны хандалт, хэрэглээ тахлын үед мөн өсөлтийг заав. “Манай улсын хувьд гар утас, интернэт хэрэглэгчдийн тоо харьцангуй өндөр байгаа нь бидний хувьд давуу тал болж байна. Манай хэрэглэгчид саяхныг хүртэл танхимын сургалтыг илүүд үздэг байсан бол цар тахлын нөлөөгөөр өөрчлөгдөж, боловсрол эзэмшихэд, цаг үеэсээ хоцрохгүй байхад технологийг заавал ашиглах  хэрэгтэй болсныг сайн ойлгох шиг боллоо. Цаашид технологийн хөгжүүлэлтийг илүү сайн хийхийн тулд хөрөнгө оруулалтын орчин сайжрах нь маш чухал байна” хэмээн “Hippocards” аппликейшныг хөгжүүлэгч “Фаро технологи солюшн” компанийн гүйцэтгэх захирал Х.Баясгалан өгүүлж байна.

Америкийн онлайн сургалтын сайт “Coursera” 2021 оны гуравдугаар сард боловсролын салбар дахь хамгийн том IPO хийн 520 сая ам.доллар босгож, зах зээлийн үнэлгээ нь 5.9 тэрбум ам. доллар болов. Ийнхүү өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд шинэлэг бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалтын хөл хөдөлгөөн ихтэй байсан боловсролын технологийн стартапуудын нөлөөгөөр уламжлалт боловсролын систем нэгэнт үгүй боллоо. Гэсэн ч улс орнуудын сургуулиудад сургалтын тасралтгүй байдлыг хангах, онлайн хичээлийг өргөжүүлэхэд чиглэсэн платформууд дутагдалтай хэвээр байгаа нь энэ салбарт ашиглагдаагүй боломж өргөн байгааг илтгэнэ. Тиймээс цар тахлын нөлөөгөөр өрнөсөн боловсролын салбар дахь хувьсгал ирээдүйд ч үргэлжлэх төлөвтэй байна.

Purevjargal Altansukh

Related Posts

Хямрал дундаас боломжийг олж харах гурван арга
Амьдралын хэв маяг

Хямрал дундаас боломжийг олж харах гурван арга

28/06/2022
Амьдрахад хамгийн таатай хотуудын 2022 оны жагсаалт гарчээ
Амьдралын хэв маяг

Амьдрахад хамгийн таатай хотуудын 2022 оны жагсаалт гарчээ

27/06/2022
100 жилийн турш хүчирхэг хүмүүсийн гоёл болсон “Cartier Tank” цагны түүх
Амьдралын хэв маяг

100 жилийн турш хүчирхэг хүмүүсийн гоёл болсон “Cartier Tank” цагны түүх

23/06/2022
Ажлын стрессээс ангижрах шалгарсан гурван арга
Амьдралын хэв маяг

Ажлын стрессээс ангижрах шалгарсан гурван арга

22/06/2022
Тэрбумтан Билл Гейтсийн энэ зун танд санал болгож буй 5 ном
Амьдралын хэв маяг

Тэрбумтан Билл Гейтсийн энэ зун танд санал болгож буй 5 ном

17/06/2022
Дэлхийн хамгийн тайван орнуудын эрэмбэд Монгол улс 42 дугаарт бичигдэв
Амьдралын хэв маяг

Дэлхийн хамгийн тайван орнуудын эрэмбэд Монгол улс 42 дугаарт бичигдэв

16/06/2022
Эмэгтэй энтрепренерүүдийн номын санд байх 8 ном
Амьдралын хэв маяг

Эмэгтэй энтрепренерүүдийн номын санд байх 8 ном

08/06/2022
Монголд хэвлэгдэн худалдаалагдаж буй бизнесийн шилдэг номууд #5
Амьдралын хэв маяг

Монголд хэвлэгдэн худалдаалагдаж буй бизнесийн шилдэг номууд #5

25/05/2022
Цусаа хандивлах хүсэлтэй залууст “Forbes Mongolia” сэтгүүлийн шинэ дугаарыг бэлэглэнэ
Нийтийн

Цусаа хандивлах хүсэлтэй залууст “Forbes Mongolia” сэтгүүлийн шинэ дугаарыг бэлэглэнэ

23/05/2022
Ангараг гараг дээрх судалгааны станцуудын дуранд буусан сонирхолтой зургууд
Нийтийн

Ангараг гараг дээрх судалгааны станцуудын дуранд буусан сонирхолтой зургууд

17/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist