Өнөөдөр /2021.09.16/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд- Үндэсний үйлдвэрлэл 2021” арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж байна.

2006 оноос хойш жил бүр “Мишээл экспо”-д зохион байгуулагддаг байсан уг арга хэмжээ энэ жил гадаа талбайд /Үндэсний цэцэрлэгт хүрээлэн/ болж буйгаараа онцлог бөгөөд урьд жилүүдийнхээс илүү олон аж ахуйн нэгж оролцуулах, өргөн цар хүрээтэй болоход чухал ач холбогдолтой байгааг удирдлагууд хэлж байна.
Уг арга хэмжээнд газар тариалан, мал аж ахуй, хүнс, хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэл болон худалдаа, хоол үйлдвэрлэлийн салбарын 400 орчим аж ахуйн нэгжүүд оролцож байна.
Энэ үеэр Монгол орны мал аж ахуйн салбарын хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, сүүлийн үеийн дэвшилтэт технологи, нэгдсэн систем, үйлдвэрлэлтэй холбоотой мэдээллийг дэлгэрэнгүй авах боломжтой бөгөөд энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх юм.
Сонордуулахад, энэ сарын 21-нд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч, сонирхогч талууд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх B2B уулзалт, хөрөнгө оруулалтын төслийн танилцуулга 11-15 цагийн хооронд болох аж.