
Жил бүрийн наймдугаар сарын сүүлч болон есдүгээр сарын эхээр замын хөдөлгөөний ачаалал огцом нэмэгддэг. Улаанбаатар хотын шүдний өвчин болсон энэ асуудлыг богино хугацаанд бууруулах боломжит хэд хэдэн шийдлүүдийг Нийслэлийн удирдлагууд танилцуулаад байна. Үүнд,
Замын хөдөлгөөний зохицуулалтыг алсаас хянах, зохицуулах боломжоор хангах талаар Нийслэлийн 32 уулзвар, 7000 машинд туршилт хийж байна. Ирэх жилээс хиймэл оюун ухаанд суурилсан, компьютержсэн системд шилжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Мөн тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулах ажлыг зохион байгуулах, 2022 оноос долоогоос дээш жилийн насжилттай импортын машины татварыг нэмэх, 2028 оноос хойш зөвхөн зүүн хүрдтэй тээврийн хэрэгслүүдийг зорчуулах зэрэг саналуудыг Засгийн газарт хүргүүлжээ.
Ингээд уншигч танд Улаанбаатар хотод бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн талаар зарим статистик баримтыг танилцуулъя.
Нийслэл Улаанбаатар хотод 1,449,140 хүн амьдарч байгаагаас 953 мянган иргэн буюу 65.7 хувь нь машин жолоодох эрх бүхий насныхан байна. Гэтэл нийслэлд 473 мянган суудлын машин байгаа бөгөөд эндээс үзэхэд, хоёр хүн тутмын нэг нь автомашинтай байна гэсэн тооцооллыг харж болно.
Он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 76 мянга гаруй тээврийн хэрэгсэл импортоор орж ирсэн байна. Өмнөх онд 90 мянга орчим, 2019 онд 100 мянга орчим, 2018 онд 98 мянга, 2017 онд 67 мянган тээврийн хэрэгсэл орж ирсэн байдаг. Эдгээрийн 50-55 хувь нь нийслэлд үлддэг гэсэн статистик бий.
Статистик тоо баримтын эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР