СТИВ ФОРБЕС, ЕРӨНХИЙ ЭРХЛЭГЧ

Хөрөнгө оруулагчдын шинэ сонголт болоод буй “Bitcoin”-ийн үнэлгээ 2020 оны гуравдугаар сард 5,000 ам.доллар байснаас хойш 40,000 ам.доллар хүртэл цойлон өсчээ. Фенүүд нь энэ өсөлтийг 100,000 ам.доллар давна гэж таамагладаг. Гэхдээ “Bitcoin” ам.долларыг орлох төлбөрийн хэрэгсэл болж чадахгүй хэвээр байна.
Засгийн газрын мөнгөн тэмдэгтэд итгэх иргэдийн итгэл алдарсан учраас цахим мөнгөн тэмдэгтэд хүмүүс ийнхүү хошуурч байна. АНУ-ын холбооны нөөцийн сан болон бусад улсын төв банкууд бодлогийн хүүгээ бууруулж, Covid-19 цар тахлын улмаас доголдсон эдийн засагаа сэргээж, идэвхжүүлэхийн тулд төсөөлөхийн аргагүй их хэмжээний мөнгө хэвлэж буй.
Тийм ч учраас “Bitcoin” болон бусад криптовалютуудыг хөрөнгө оруулалтын ашигтай хэрэгсэл хэмээн үзэж, тэр хэрээр санхүүгийн байгууллагууд хөрөнгө оруулалтын багцдаа нэмэх болов. Өөдрөг үзэлтнүүд “Bitcoin”-ийг шинэ алт хэмээн тодотгож, тун удахгүй ам.долларыг орлох төлбөрийн хэрэгсэл болно гэж зарлаж байна. Гэхдээ тийм ч хурдан хэрэгжихгүй болов уу. “Bitcoin” юу ч байж болно, гэхдээ мөнгө биш.
Бид бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахдаа мөнгийг ашигладаг. Жишээ нь, ам.доллар бол автомашин, хүрэм, арга хэмжээний тасалбар зэргийг нэхэмжилсэн чек юм. Өөрөөр хэлвэл, ам.доллараар аливаа зүйлийг худалдах, худалдан авах боломжтой.
Мөнгө тогтвортой үнэ цэнэтэй үедээ л хамгийн сайн үр дүн үзүүлдэг. “Bitcoin” тэргүүтэй криптовалютыг хүлээн зөвшөөрдөг ханган нийлүүлэгчид байдаг ч үнэ цэнэ нь тогтворжих хүртэл криптовалют зөвхөн сонирхлын түвшинд л хадгалагдах болов уу.
Жишээ татъя. Моргежийн зээлээр байр, орон сууцны зээл авах, автомашин лизингдэх, даатгалын үйлчилгээнд хамрагдах зэрэг эдийн засгийн олон төрлийн харилцаанд гэрээ байгуулах нь хамгийн чухал байдаг. Тэгвэл ямар эрүүл ухаантай хүн “Bitcoin” дээр суурилсан урт хугацааны гэрээнд гарын үсэг зурах билээ? Хэрэв та 2020 оны гуравдугаар сард 250,000 ам.доллартай дүйцэх “Bitcoin”-оор орон сууцны зээл авсан бол өнөөдөр та банкинд 2 сая орчим ам.долларын өртэй байлаа.
Өөрөөр хэлвэл, “Bitcoin”-той бол та нэг өдөр стейк иднэ, харин маргааш нь нохойн хоол, нөгөөдөр нь загасны түрс иднэ гэсэн үг.
“Bitcoin”-той холбоотой өөр нэгэн асуудал анхаарал татаж буй нь нийлүүлэлт нь тогтмол шинжтэй юм. Хэмжээг нь нэмэгдүүлэх боломжгүй. Өсөн тэлж буй эдийн засгийн эрэлт хэрэгцээг хангахын тулд мөнгөний нийлүүлэлтийг нэмэх боломжтой байх ёстой. 1775-1900 онд АНУ хөдөө аж ахуйд суурилсан энгийн эдийн засгаас дэлхийн хамгийн хүчирхэг аж үйлдвэржсэн улс болоход ам.долларын нийлүүлэлт 160 дахин нэмэгдсэн байдаг.
Өдгөө төлбөр тооцоонд ашиглагдаж буй мөнгөн тэмдэгтүүдтэй өрсөлдөхийн тулд криптовалют ашиглахад энгийн хялбар, тогтмол үнэ цэнэтэй, алт эсвэл Швейцарийн франктай адил хэрэгсэлтэй холбогдож, аливаа гэрээнд ашиглагддаг байх ёстой.
Эдгээр нөхцөлийг хангахгүйгээр криптовалют ам.доллар болон бусад Засгийн газрын мөнгөн тэмдэгтийг орлох бодит хэрэгсэл болох боломжгүй юм.
Магадгүй коронавирус болон нийгэм, эдийн засагт түүний үзүүлж буй сөрөг үр дагавартай тэмцэх зорилгоор Вашингтоноос хэрэгжүүлж буй томоохон хөтөлбөр, бусад өндөр үнэтэй зардлыг санхүүжүүлэхийн тулд Холбооны нөөцийн банк их хэмжээний мөнгө хэвлэж буй тул арилжааны хувьд ашиглах боломжтой криптовалютууд гарч ирэх боломжтой. Гэхдээ нийлүүлэлтийн хязгаартай “Bitcoin” биш.
Дэлхийн зах зээлд Швейцарийн франк хамгийн найдвартайд тооцогддог нийлүүлэлт нь их байдаг. Өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд франкийн худалдан авах чадвар дэлхийн бусад валюттай харьцуулахад өндөр түвшинд хадгалагдсан байдаг.