Энэ жил “Forbes”-ийн тэрбумтнуудын жагсаалтад 493 шинэ гишүүн бүртгэгдэж дээд амжилт тогтоолоо. Өөрөөр хэлбэл, дэлхий дээр 17 цаг тутамд нэг тэрбумтан төржээ. Эдгээрийн 40 хувийг Хятад, 20 хувийг АНУ эзэлж байна. Шинэ тэрбумтнууд хөрөнгөө IPO, SPAC, криптовалют, Covid-той холбоотой эрүүл мэндийн үйлчилгээгээр бүрдүүлжээ.
IPO
2020 оны гуравдугаар сарын дунд үеэс хойш дэлхийн хэмжээнд 1,489 IPO (SPAC-ыг оруулаад) хийгдэж, нийт 314 тэрбум ам.доллар босгожээ. Үүний талаас илүү хувийг эзэлж буй АНУ-д 277 тэрбум ам.долларын санхүүжилт төвлөрсөн ба үүний үр дүнд дараах 10 тэрбумтан төрсөн байна
Пан Донг
$8.3 тэрбум Өргөн хэрэглээний бараа Канад
Энэ жилийн жагсаалтад шинээр элссэн хамгийн чинээлэг эмэгтэй тэрбээр арванхоёрдугаар сард Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэгдсэн, угаалгын нунтаг үйлдвэрлэгч “Blue Moon Group Holdings”-ийг тэргүүлдэг.
Вячеслав Ким
$3.3 тэрбум Финтек Казахстан
Михаил Ломтадзе
$3.2 тэрбум Финтек Гүрж
Гүйцэтгэх захирал Ломтадзе, ТУЗ-ийн дарга Ким нар Казахстаны төлбөр тооцоо, цахим худалдаа, мобайл банкны аппликейшн “Kaspi”-ийн IPO-ийг Лондонгийн хөрөнгийн бирж дээр хийжээ. Казахстаны хүн амын тэн хагас нь “Kaspi” ашигладаг.
Пабло Легоррета
$2.9 тэрбум Хөрөнгө оруулалт АНУ
Хөрөнгө оруулалтын банкир асан Пабло ирээдүйнх нь орлогын эх үүсвэр болсон эм хангамжийн компаниудыг худалдан авах зорилгоор “Royalty Pharma”-ийг 1996 онд үүсгэн байгуулсан ба компанийнхаа IPO-ийг зургадугаар сард “Nasdaq” дээр хийжээ.
Мэтт Молдинг
$2.9 тэрбум Цахим худалдаа Англи
Түүний цахим худалдааны эзэнт гүрэн “Hut Group” есдүгээр сард Лондонд IPO хийж, хоёр сарын дараа компанийн ТУЗ түүнд 1 тэрбум ам.долларын хувьцааны урамшуулал олгохыг зөвшөөрчээ.
Тони Сю
$2.8 тэрбум Хүнс хүргэлтийн үйлчилгээ АНУ
Сю бол арванхоёрдугаар сард Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэгдсэн, АНУ, Канад, Австралийн 390,000 зоогийн газрын хоолны хүргэлтийг хариуцдаг “DoorDash” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал юм.
Жаред Айзекман
$2.3 тэрбум Төлбөр тооцоо гүйцэтгэгч АНУ
38 настай Исаакман 19 настайдаа эцэг, эхийнхээ гэрт үүсгэн байгуулсан “Shift4 Payments” компанийнхаа IPO-ийг Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр хийжээ. Тэрбээр чөлөөт цагаараа Зөвлөлт холбоот улсын үеийн “MiG-29” зэрэг сөнөөгч онгоц нисгэх дуртай.
Банг Ши-Хюк
$2.3 тэрбум Хөрөнгө оруулалт Өмнөд Солонгос
Алдарт К-поп хамтлаг “BTS”-ийг төлөөлдөг “Big Hit Entertainment”-ийн үүсгэн байгуулагч тэрбээр компанийнхаа IPO-ийг аравдугаар сард Солонгосын хөрөнгийн бирж дээр хийжээ.
Гонг Ин-Инг
$2.1 тэрбум Эрүүл мэндийн технологи Хятад
Ин-Инг бол нэгдүгээр сард Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа бүртгүүлсэн, эрүүл мэндийн мэдээллийн систем хөгжүүлэгч “Yidu Tech” компанийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга юм.
Ин-Инг бол нэгдүгээр сард Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа бүртгүүлсэн, эрүүл мэндийн мэдээллийн систем хөгжүүлэгч “Yidu Tech” компанийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга юм.
Дэвид Хелгасон
$1 тэрбум Программ хангамж Исланд
Хелгасон 2004 онд видео тоглоомын программ хангамж хөгжүүлэгч “Unity Software”-ийг үүсгэн байгуулж, 2014 оныг хүртэл гүйцэтгэх захирлаар нь ажилласан ба тус компани есдүгээр сард Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгүүлжээ.
УИТНИ ВУЛЬФ ХЕРД
$1.3 тэрбум • Танилцах аппликейшн • АНУ
Өдгөө 31 настай Вульф Херд эмэгтэйчүүдийг чиглэсэн танилцах аппликейшн “Bumble”-ийн хувьцааг өнгөрсөн хоёрдугаар сард олон нийтэд арилжсанаар өөрийн хүчээр хөрөнгөжсөн дэлхийн хамгийн залуу эмэгтэй тэрбумтан болжээ. 582 сая ам.долларын орлоготой тус компани 150 оронд 42 сая хэрэглэгчтэй. Тэрбээр 2012 онд “Tinder” –ийг хамтран байгуулсан боловч 2014 онд “Tinder”-ийн удирдлагыг бэлгийн хүчирхийллийн хэргээр шүүхэд өгч хамтын ажиллагаагаа дуусгаж байв. Улмаар ОХУ-ын “Badoo” танилцах аппликейшнийг үүсгэн байгуулагч Андрей Андреев түүнд 10 сая ам.долларын хөрөнгө оруулалт, “Badoo”-ийн дэд бүтцийг санал болгосноор 2014 онд “Bumble” төржээ. 2019 оны сүүлээр “Forbes”-ийн эрэн сурвалжлах баг Андреевийн Лондон дахь оффисоос ажлын байрны хортой соёл илрүүлснээс хойш дөрвөн сарын дараа ихэнх хувьцаагаа “Blackstone”-д худалджээ. “Badoo” энэ мэдээллийг няцаасан болно.

SPAC
SPAC буюу компани худалдаж авах зорилгоор байгуулагдсан компаниуд эрчээ авч байна. 2020 онд энэ чиглэлийн 500 гаруй компани АНУ-ын хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа санал болгосон нь өмнөх жилийнхээсээ долоо дахин өссөн үзүүлэлт юм. Гэхдээ үүнээс цөөн хэдэн тэрбумтан л төржээ

Остин Расселл
$ 2.4 тэрбум Мэдрэгч төхөөрөмж АНУ
Өдгөө 26 настай Расселл өсвөр насандаа Калифорнийн их сургуулийн “Beckman Laser” хүрээлэнд судалгаа, шинжилгээний ажил хийдэг байв. 195 сантиметр өндөртэй, энтрепренер залуу 2012 онд Стэнфордын их сургуулийг орхисныхоо дараа технологийн хөрөнгө оруулагч, тэрбумтан Питер Тилиэс 100,000 ам.долларын санхүүжилт авч, “Luminar Technologies”-ийг үүсгэн байгуулжээ. Уг компанийн мэдрэгчүүдийг өдгөө “Volvo”, “Toyota”, “Intel”-ийн “Mobileye” зэрэг үйлчлүүлэгчид жолоочгүй автомашиндаа ашиглаж байна. “Luminar Technologies” 2020 оны арванхоёрдугаар сард “Gores Metropoulos”-той нэгдэж, хувьцаагаа “Nasdaq” дээр бүртгүүлсэн ба компанийн 30 гаруй хувийг эзэмшдэг Расселл нэг шөнийн дотор өөрийн хүчээр хөрөнгөжсөн дэлхийн хамгийн залуу тэрбумтан болжээ.
Жастин Ишбиа
$3 тэрбум Моргежийн зээл АНУ
Ах, дүү Ишбиагийн эцэг Жефф 1986 онд моргежийн компани “United Wholesale Mortgage”-ийг байгуулсан ба Мэт 2003 онд гэр бүлийнхээ бизнест нэгджээ. Улмаар тэрбээр ах Жастины хамт эцгийнхээ ихэнх хувьцааг худалдан авсан аж. Өдгөө АНУ-ын хоёр дахь том моргежийн зээл олгогч компани болсон “UWM” нэгдүгээр сард “Gores Holdings IV”-тэй нэгджээ. Мэт компанийнхаа гүйцэтгэх захирал бол Жастин ТУЗ-ийн гишүүн юм.
Мэт Ишбиа
$9.7 тэрбум Моргежийн зээл АНУ
Эндрю Парадайз
$2.3 тэрбум Гар утасны тоглоом АНУ
“Paradise” компанийн 2012 онд байгуулсан цахим спортын “Skillz” компани хөгжүүлэгчдийг хөзөр, бинго зэрэг тоглоомын тэмцээн зохион байгуулах платформоор хангадаг. Компани 230 сая ам.долларын орлогоо хэрэглэгчдийн бүртгэлийн хураамжаас хувь суутгаж бүрдүүлдэг.
Уильям Фоли
$1.9 тэрбум Санхүүгийн үйлчилгээ АНУ
Даатгалын салбарын магнат асан Фоли SPAC-ийн өсөлтийг чадамгай ашиглаж, өнөөдрийг хүртэл энэ төрлийн зургаан компанийг санхүүжүүлжээ. Эдгээрийн хоёр нь саяхан үүлэн технологид суурилсан программ хангамж нийлүүлэгч “Alight Solutions”, цахим төлбөрийн платформ “Paysafe”-тэй нэгдэхдээ тус бүр 7 тэрбум болон 9 тэрбум ам.долларын үнэлгээнд хүрчээ.
Шалом Меккензи
$1.7 тэрбум Спортын бооцоо Израиль
Түүний мөрийтэй тоглоомын технологи хөгжүүлэгч “SBTech” компани спортын бооцооны вебсайт “DraftKings”-тай нэгдэж, 2020 оны дөрөвдүгээр сараас хувьцаагаа олон нийтэд нээлттэй болгожээ. Компанийнхаа ТУЗ-ийн гишүүн Меккензи “DraftKings”-ийн 6 орчим хувийг эзэмшдэг, хамгийн том хувьцаа эзэмшигчдийн нэг юм.
Гита Гупта-Фискер
$ 1.6 тэрбум Цахилгаан тээврийн хэрэгсэл Англи
Хенрик Фискер
$1.6 тэрбум Цахилгаан тээврийн хэрэгсэл АНУ
Автомашины алдарт зохион бүтээгч Хенрик Фискер болон түүний эхнэр, биотехнологийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан Гита нар аравдугаар сард цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч компанийнхаа хувьцааг олон нийтэд нээлттэй болгосон ба анхны дунд оврын жийп автомашиныхаа үйлдвэрлэлийг 2022 оны эцсээр эхлүүлэхээр төлөвлөж байна.
Тревор Милтон
$1.4 тэрбум Цахилгаан тээврийн хэрэгсэл АНУ
Түүний үүсгэн байгуулсан, устөрөгчийн хөдөлгүүртэй, цахилгаан ачааны машин үйлдвэрлэгч “Nikola” стартап 2020 оны зургадугаар сард SPAC-аар дамжуулан хувьцаагаа олон нийтэд нээлттэй болгожээ. Тэрбээр хөрөнгө оруулагчдад “Nikola”-ийн технологийн талаар худал мэдээлэл өгсөн хэмээн буруутгагдсаны дараа есдүгээр сард ТУЗ-ийн даргын суудлаа хүлээлгэн өгсөн байна.
Чамат Палихапития
$1.2 тэрбум Facebook, венчур хөрөнгө оруулалт АНУ
SPAC санхүүжүүлэгч, венчур хөрөнгө оруулагч Палихапития Ричард Брэнсоны сансрын аялал жуулчлалын компани “Virgin Galactic”-ийг 2019 онд нээлттэй хувьцаат компани болгосныхоо дараа 2020 онд “Opendoor”, “Clover Health” компаниудыг SPAC-аар худалдан авчээ.
Хятад
Дэлхийн хамгийн их хүн амтай улсаас (Хонконг, Макао ороогүй болно) 626 тэрбумтан төрж, дээд амжилт тогтоолоо. Өндөр өсөлттэй хөрөнгийн зах зээлээс 205 тэрбумтан, үүний тал хувь нь үйлдвэрлэл, технологийн салбараас тодорчээ. Хоёроос бусад нь өөрийн хүчээр хөрөнгөжсөн ба онцлох 11 эрхмийг доор танилцуулж байна
Чен Зипин
$15.9 тэрбум Электрон тамхи
Дэлхийн хамгийн том электрон тамхи үйлдвэрлэгч “Smoore International”-ийг үүсгэн байгуулагч Чен өнгөрсөн долдугаар сард Хонконгийн хөрөнгийн бирж дээр компанийнхаа хувьцааг олон нийтэд нээлттэй болгожээ.
Ли Хуа
$7.1 тэрбум Санхүүгийн үйлчилгээ
“Tencent”-ийн эртний ажилтан Ли 2007 онд “Nasdaq”-д бүртгэлтэй онлайн брокерийн компани “Futu Holdings”-ийг үүсгэн байгуулжээ. Тус финтекээр өдгөө 12 сая хүн үйлчлүүлдэг.
Ван Жунлин
$6.3 тэрбум Согтууруулах ундаа
Тэрбээр согтууруулах ундаа үйлдвэрлэгч “Sichuan Langjiu” компанийг 2001 онд байгуулахаасаа өмнө төрийн өмчит хоёр компанийг сэргээн босгож байв. Өдгөө түүний компани жилд 40 мянга гаруй тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Ван Нинг
$6.3 тэрбум Тоглоом
Арванхоёрдугаар сард Ван дотор нь юу байгаа нь харагддаггүй битүү хайрцагтай тоглоомуудаараа алдартай “Pop Mart” компанийнхаа IPO-ийг хийжээ.
Жиан Жун
$5.6 тэрбум Био анагаах ухааны бүтээгдэхүүн
Түүний, Шэньжэньд бүртгэлтэй “Imeik Technology Development” компани нүүрний филлер, суулгац утас, нүүр, хүзүүний маск зэрэг эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Цао Реншиан
$5.3 тэрбум Нарны эрчим хүч
Их сургуулийн профессор Цао 1997 онд “Sungrow Power Supply” компанийг үүсгэн байгуулжээ. Тус компани бүтээгдэхүүнээ дэлхийн 150 оронд нийлүүлдэг.
Стивен Мен Ян
$4.2 тэрбум Цахилгаан бараа
“Google”-ийн инженер асан тэрбээр зай хураагуур, гар утасны цэнэглэгч гэх мэт цахилгаан эд хэрэгсэл “Amazon” дээр борлуулдгаараа алдартай “Anker Innovations Technology”-ийг үүсгэн байгуулжээ.
Лю Фанги
$4.2 тэрбум Эмнэлгийн тоног төхөөрөмж
Амны хаалт, бээлий гэх мэт нэг удаагийн эмнэлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Intco Medical Technology”-ийн хувьцааны ханш цар тахлын улмаас өнгөрсөн жил 650 хувиар өсчээ.
Ли Сян
$4 тэрбум Цахилгаан тээврийн хэрэгсэл
39 настай тэрбээр Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, автомашины онлайн дилер “Autohome”-ийг үүсгэн байгуулсныхаа дараа цахилгаан автомашин үйлдвэрлэгч стартап “Li Auto” –ийг байгуулж, өнгөрсөн долдугаар сард “Nasdaq” дээр хувьцааг нь санал болгожээ.
Жин Баофанг
$3.9 тэрбум Нарны хавтан
Түүний үүсгэн байгуулсан, Бээжин хотод төвтэй, нарны хавтан үйлдвэрлэгч “JA Solar” 135 улсад 33,000 үйлчлүүлэгчтэй.

Кейт Ванг
$5 тэрбум Электрон тамхи
Өөрийн хүчээр хөрөнгөжсөн дэлхийн хамгийн залуу эмэгтэй тэрбумтнуудын нэг, 39 настай Ван бол Хятадын электрон тамхи үйлдвэрлэгч “ RLX Technology” компанийн гүйцэтгэх захирал юм. Колумбын бизнесийн сургуулийг төгссөн тэрбээр 2017 онд эцгийгээ тамхинаас гаргах оролдлого хийж байхдаа компани байгуулахаар шийджээ. “Би бүх төрлийн электрон тамхи туршиж үзсэн. Ихэнх нь аймшигтай байсан” гэж тэрбээр “Forbes”-т өгүүлж байв. “RLX” 2020 оны эхний есөн сард 324 сая ам.долларын борлуулалт хийж, нэгдүгээр сард Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгүүлжээ. Ван компанийнхаа 20 хувийг эзэмшдэг. Хятадын эрх баригчдын электрон тамхийг тамхины бүтээгдэхүүнд тооцох хуулийн төсөл боловсруулж байгаатай холбогдуулан гуравдугаар сарын сүүлчээр тус компанийн хувьцааны ханш 54 хувиар унажээ.
КРИПТОВАЛЮТ
Криптовалютын зах зээл дахин өсөлт үзүүллээ. “Bitcoin”-ийн ханш 2020 оны гуравдугаар сарын дунд үеэс хойш 800 хувь, “Ripple”, “XRP”-ийн ханш 200 хувиар огцом өссөнөөр 9 тэрбумтан шинээр төрөв
Кэмерон Уинклвосс
$3 тэрбум • АНУ
Тайлер Уинклвосс
$3 тэрбум • АНУ
Ихэр ах дүүс ойролцоогоор 70,000 “Bitcoin”-оос гадна өдөрт 200 сая ам.долларын арилжаа гүйцэтгэдэг “Gemini” крипто биржийг эзэмшдэг.
Майкл Сейлор
$ 2.3 тэрбум • АНУ
Программ хангамж нийлүүлэгч “MicroStrategy” компанийн гүйцэтгэх захирал дот-комын уналтын үеэр хуримтлуулсан хөрөнгөө алдаж байв. “Bitcoin”-ийн ханш огцом өсөхөөс өмнө өөртөө болон компанидаа худалдан авалт хийж амжсан тэрбээр өдгөө тэрбумтан болж компанийнх нь хувьцааны ханш өссөн байна.
Жед МакКалеб
$2 тэрбум • АНУ
МакКалеб 2012 онд “Ripple”-ийг байгуулахаасаа өмнө “Bitcoin”-ийн анхны үндсэн бирж “Mt.Gox”-ийг үүсгэн байгуулж байв. Тэрбээр үүсгэн байгуулагчидтайгаа санал зөрөлдсөний улмаас “Ripple”-ийг орхисон боловч 3.4 тэрбум “XRP” эзэмшдэг.
Фред Эрсам
$1.9 тэрбум • АНУ
“Goldman Sachs”-ийн трейдэр асан тэрбээр 2012 онд үүсгэн байгуулсан крипто бирж “Coinbase”-ийнхаа 6 хувийг эзэмшдэг. Тус компани “Nasdaq” дээр хувьцаагаа арилжихад бэлэн болсон бөгөөд Эрсам ТУЗ-ийн гишүүн хэвээр байна.
Барри Силберт
$1.6 тэрбум • АНУ
Түүний “Digital Currency Group”-ийн бүрдүүлдэг блокчейнд суурилсан таван компанид 44 тэрбум ам.доллараар үнэлэгдэх “Bitcoin”, “ether” болон бусад хөрөнгийг удирддаг “Grayscale” багтдаг.
Тим Дрейпер
$1.5 тэрбум • АНУ
Цахиурын хөндийн венчур хөрөнгө оруулагч тэрбээр “Silk Road” хар захаас АНУ-ын Засгийн газрын хураасан 18.7 сая ам.долларын үнэ бүхий “Bitcoin”-ийг 2014 онд худалдан авсан нь өдгөө 1.5 тэрбум ам.доллараар үнэлэгдэж буй.
Мэттью Роззак
$1.5 тэрбум • АНУ
Криптовалютын зах зээлийг эртнээс дэмжиж ирсэн Роззак венчур хөрөнгө оруулалт болон бизнесийн салбарт ажиллаж байгаад 2012 оноос “Bitcoin”, “ether” болон бусад криптовалютын багц бүрдүүлж эхэлжээ.
COVID-19
Дэлхийг хамарсан Covid-19 цар тахалтай тэмцэх их үйлст оролцсон 40 эрхэм энэ жилийн жагсаалтад шинээр элслээ. Тэдгээрийн зарим нь шинэ вакцин, эсрэг биетийн эмчилгээ хөгжүүлж, зарим нь оношлуур, хувийн хэрэгцээний хамгаалах хэрэгсэл үйлдвэрлэх замаар хөрөнгөө бүрдүүлжээ
Стефан Бансел
$4.3 тэрбум Биотехнологи Франц
Тэрбээр арванхоёрдугаар сард АНУ-аас Covid-19-ийн эсрэг вакциныхаа зөвшөөрлийг авсан “Moderna”-ийн гүйцэтгэх захирлаар 2011 оноос хойш ажиллаж байна. Тус компанийн хувьцааны ханш өнгөрсөн жил 319 хувиар өсчээ.
Угур Шахин
$4 тэрбум Биотехнологи Герман
Турк гаралтай эмч тэрбээр “Pfizer” компанитай хамтран Covid-19-ийн эсрэг вакцин бүтээсэн “BioNTech”-ийг хамтран үүсгэн байгуулжээ. Түүний эхнэр Озлем Туречи компанийнхаа ерөнхий эмчээр ажилладаг. “BioNTech”-ийн хувьцааны ханш 2020 оны гуравдугаар сараас хойш хоёр дахин өсчээ.
Ян Липинг
$3.6 тэрбум Эм хангамж Канад
Тэрбээр Хятадын вакцин үйлдвэрлэгч “Shenzhen Kangtai Biological Products”-ийн ТУЗ-ийн дарга Ду Веймингээс өнгөрсөн жил гэрлэлтээ цуцуулсныхаа дараа компанийн 24 хувийг шилжүүлэн авчээ.
Хү Күн
$2.5 тэрбум Эмнэлгийн төхөөрөмж Хятад
Зүрхний цохилт хэмжигч, уушги оношлогч төхөөрөмж үйлдвэрлэгч “Contec Medical Systems” компани саяхнаас хувьцаагаа олон нийтэд санал болгож эхэлжээ. Күн тус компанийн ТУЗ-ийг даргалдаг.
Нубар Афеян
$1.9 тэрбум Биотехнологи АНУ
Тэрбээр био анагаах ухааны чиглэлээр хөрөнгө оруулагч “Flagship Pioneering” –ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээс гадна “Moderna”-ийн ТУЗ-ийн дарга юм.
Карл Хансен
$1.8 тэрбум Биотехнологи Канад
Коллежийн профессор асан тэрбээр эсрэг биет илрүүлэх зорилгоор “AbCellera Biologics” компанийг үүсгэн байгуулсан ба “Eli Lilly”-тай хамтран Covid-19-ийн эмчилгээг хөгжүүлж, улмаар АНУ-ын Хүнс, эмийн удирдах газраас зөвшөөрөл авчээ.
Роберт Лангер
$1.6 тэрбум Биотехнологи АНУ
Массачусетсын их сургуулийн профессор, “Moderna”-аас төрсөн дөрвөн шинэ тэрбумтны нэг тэрбээр 2010 онд компанийг эхлүүлэхэд оролцсон ба 3 хувийг эзэмшдэг.
Арвинд Лал
$1.5 тэрбум Лаборатори Энэтхэг
Түүний, оношилгооны сүлжээ компани “Dr.Lal Path Labs” цар тахлын үеэр үйл ажиллагаагаа Covid-19-ийн оношилгоо, шинжилгээнд чиглүүлснээр хувьцааных нь ханш 57 хувиар өсчээ.
Пратап Редди
$1.5 тэрбум Эмнэлэг Энэтхэг
Түүний удирддаг, нээлттэй хувьцаат, эмнэлгийн сүлжээ компани “Apollo Hospitals Enterprise” Covid-19-ийн эмчилгээ, шинжилгээнд төвлөрснөөр өнгөрсөн жил хувьцааных нь ханш хоёр дахин өсчээ.
Жэк Шулер
$1.1 тэрбум Оношилгоо, шинжилгээ АНУ
“Abbott Labs”-ийн ерөнхийлөгч асан тэрбээр өдгөө биотехнологийн хөрөнгө оруулагч болсон ба Covid-19-ийн оношлуур үйлдвэрлэгч “Quidel Corp.”-ийн 7 хувийг эзэмшдэг.

СЕРЖИО СТЕВАНАТО
$1.9 тэрбум Эмнэлгийн сав, баглаа, боодол Итали
Covid-19-ийн вакцины жижиг шилэн савнуудын ихэнхийг гэр бүлийн эзэмшлийн “Stevanato Group” үйлдвэрлэж байна. Өдгөө 78 настай Стеванато компанийнхаа ТУЗ-ийн дарга бөгөөд тус групп ДЭМБ-ын хяналт дор Covid-19-ийн вакцины савны 15 хувийг үйлдвэрлэж буй. Тэд “Moderna”, “AstraZeneca” зэрэг арав гаруй төрлийн вакцины тунг хэмжих ажил гүйцэтгэж буй, “Gates Foundation”-ийн санхүүжилттэй группт 100 сая шилэн сав нийлүүлжээ. “Stevanato Group”-ийг Сержиогийн эцэг Жиованни дарсны лонх үйлдвэрлэх зорилгоор 1949 онд Венецийн захын дүүрэгт үүсгэн байгуулж, улмаар 1960-аад онд эм хангамжийн салбарт нэвтэрчээ. 2010 онд гүйцэтгэх захирлын суудлаа хүлээлгэн өгсөн Сержио компанийнхаа 68 хувийн эзэмшдэг бол хүү Франко нь ТУЗ-ийн гүйцэтгэх дарга юм.