
Доктор Сьюзийн Sam-I-Am дүрийн алдар нэр, ашиг орлого тасралтгүй өссөөр байна. Түүнийг дагаад Америкийн хүүхдийн зохиолч Теодор Сьюз Гайселын эзэнт гүрэн 2020 онд 33 сая ам.долларын орлого олж, өмнөх оноос хоёр дахин өсчээ. Түүний туурвисан 60 гаруй номыг мультимедиа ертөнцөд хөрвүүлэх “Dr.Seuss Enterprises”-ийн шинэ стратегитай энэ нь холбоотой. “Бид цар хүрээгээ улам тэлж байна” хэмээн энэ ажлыг 2012 оноос хойш удирдаж буй Сьюзан Брандт ярив.
“Netflix”, “Apple”, “Disney”, “Amazon” тэргүүтэй томоохон стриминг компаниуд оригинал контентын төлөө ширүүн өрсөлдөж, 2019 онд л гэхэд 120 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Энэ хөрөнгө оруулалтын дийлэнх нь оюуны өмчийг худалдан авах, брэнд эзэмшигчдэд төлөх хэлбэрээр зарцуулагдсанаас нэлээд хувь нь олон жилийн өмнө нас барсан, энд нэр дурдагдсан эрхмүүдэд хүрчээ. Тэнгэрт хальсан хамгийн өндөр орлоготой алдартнуудын жагсаалтад багтсан хэд хэдэн эрхэм стриминг үйлчилгээнээс ашиг “хүртсэн” байгаа юм. Тухайлбал, “Peanuts” цуврал “Apple TV+”-тай томоохон гэрээ байгуулснаар зохиолч Чарльз Шульц нийт 32.5 сая ам.долларын орлоготойгоор гуравдугаарт бичигдлээ. Түүнчлэн жагсаалтын тавдугаарт бичигдсэн Элвис Преслигийн дүрээр бүтээсэн анимейшн цувралаараа “Netflix” чамгүй ашиг олсоор байна.
2020 оны жагсаалтад харамсалтай нь, хоёр залуухан гишүүн шинээр нэгдлээ. 21 насандаа нас барсан рэппер “Juice WRLD” 15 сая ам.долларын орлоготойгоор долдугаарт, өнгөрсөн жилийн нэгдүгээр сард онгоцны ослоор нас барсан, NBA-ийн домогт тамирчин Коби Брайант 20 сая ам.долларын орлоготойгоор зургадугаарт бичигдэж байна.
Майкл Жексон $48 сая
Таалал төгссөн: 2009.06.25 (50 нас)
шалтгаан: Тун хэтрүүлсэн / Хүн амины хэрэг
2019 онд гаргасан “Leaving Neverland” баримтат киног бүтээхэд Попын хаанаас ямар ч зардал гараагүй юм. Элвис, Арета Франклин нарын дуу, “Sony”-той байгуулсан урт хугацааны гэрээ зэргийг багтаадаг Жексоны “Mijac Music” компани нь түүний орлогын 70 гаруй хувийг бүрдүүлжээ.
Доктор Сьюз $33 сая
Таалал төгссөн: 1991.09.24 (87 нас)
шалтгаан: Хорт хавдар
Долоон оронтой тоогоор хэмжигдэх үнэлгээтэй телевизийн бүтээл, цуврал киноны хүчээр “Seussville” гүрний орлого нэмэгдсээр байна. Гэхдээ сайхан сэтгэлт “эмчийн” хувьд орлогын хамгийн том эх үүсвэр нь ном хэвээр аж. 2020 онд түүний номууд АНУ даяар 6 сая хувь борлогджээ.
Чарльз Шульц
$32.5 сая
Таалал төгссөн:
2000.02.12 (77 нас)
шалтгаан: Хавдар
2019 онд гаргасан “Leaving Neverland” баримтат киног Чарли Браун, Снупи дүрийн үнэ цэнэ өссөөр байна. 2020 оны зургадугаар сарын 30 хүртэлх санхүүгийн нэг жилийн хугацаанд Шульцын вант улс 110 сая ам.долларын орлоготой ажиллажээ. Үүний тодорхой хувийг “Apple TV+”-ээр цацсан “Snoopy in Space” шинэ цуврал болон “Charlie Brown Christmas” сонгодог бүтээл бүрдүүлж байна.
Арнольд Палмер
$25 сая
Таалал төгссөн:
2016.09.25 (87 нас)
шалтгаан: Зүрхний эмгэг
Covid-19-ийн улмаас гольфын улирал богиноссон ч Арнигийн “Army” клубын орлого нэмэгдсээр байна. Америкийн мэргэжлийн гольфчин агсны нэрээр “Arizona Beverages” мөстэй ундаа гаргаж, мөн “Mastercard” гэрээ байгуулсан гэхчлэн “Arnold Palmer” брэндийг борлуулдаг худалдааны олон зуун компаниас сая сая ам.доллар орж ирсээр буй.
Элвис Пресли
$23 сая
Таалал төгссөн:
1977.08.16 (42 нас)
шалтгаан: Зүрхний шигдээс
Коронавирус Элвисийн эзэнт гүрэнд цохилт өгчээ. Жилд дунджаар 10 сая орчим ам.доллар бүрдүүлдэг байсан Мемфис дэх түүний гэр музей “Graceland” 2020 онд хоёр сарын турш хаалттай байсны эцэст хүчин чадлаа цомхотгон тун удахгүй нээхээр зэхэж байна.
Коби Брайант $20 сая
Таалал төгссөн: 2020.01.26 (41 нас)
шалтгаан: Онгоцны осол
“L.A Lakers” багийн домогт тамирчныг нас барсны дараа “Nike” дахь түүний нэртэй бараа, бүтээгдэхүүн цөм борлогдож дуусчээ. Мөн түүний өөрийнх нь бичсэн намтар ном 2020 онд нийт 300,000 хувь борлогдсон байна.
Juice WRLD $15 сая
Таалал төгссөн: 2019.12.08 (21 нас)
шалтгаан: Тун хэтрүүлсэн
Juice WRLD нэрээр танигдсан рэппер нас барахаасаа есөн сарын өмнө гаргасан хоёр дахь цомог “Death Race for Love” 2019 оны арванхоёдугаар сараас хойш стриминг ертөнцөд цойлж байна. Түүнийг нас барсны дараа гаргасан, гурав дахь цомог “Legends Never Die” нь ч мөн адил “Billboard” жагсаалтыг тэргүүлсэн билээ.
Боб Марли $14 сая
Таалал төгссөн: 1981.05.11 (36 нас)
шалтгаан: Хавдар
Регги урсгалын домогт уран бүтээлчийн бүтээлүүд дэлхий даяар тэрбум гаруй удаа тоглогдож, стриминг салбарт өндөр амжилт үзүүлэв. Өсгөгч, пянз тоглуулагч, чихэвчний брэнд “House of Marley”-аас гадна түүний нэртэй футболк, асаагуур зэрэг бүтээгдэхүүний борлуулалт хөрөнгийг нь гурван сая ам.доллараар өсгөжээ.
Жон Леннон $13 сая
Таалал төгссөн: 1980.12.08 (40 нас)
шалтгаан: Хүн амины хэрэг
Леннон нас барснаас хойш 40 жил өнгөрсөн ч “Beatles”-ийн дуу хөгжим дэлхий даяар цуурайтсаар байна. Хамтлагийнхаа ихэнх дууг хамтран бүтээсэн түүний хувьд дуунууд нь телевизийн бүтээл, кинонд ашиглагдах бүрт хөрөнгө нь нэмэгдсээр байна.
Принц $10 сая
Таалал төгссөн: 2016.04.21 (57 нас)
шалтгаан: Тун хэтрүүлсэн
Түүний “Paisley Park”-ийн алдар цуу Элвисийн “Graceland”-ийн түвшинд хүрээгүй ч попын гэгээн эцэг дуу хөгжмийн ертөнцийг доргиосоор байна. 2020 оны жилийн эцсийн байдлаар зөвхөн АНУ-д гэхэд 700,000 ширхэг цомогтой дүйцэх хөдөлгөөнийг стриминг дээр хийжээ.
Фредди Меркури $9 сая
Таалал төгссөн: 1991.11.24 (45 нас)
шалтгаан: ДОХ
2018 оны кино наадмын шагналт “Bohemian Rhapsody” кино Меркурийг дэлхийн анхаарлын төвд дахин оруулав. Бокс оффисоос нийт нэг тэрбум ам.доллар халаасалсан энэ киноноос багагүй хувь хүртсэнээс гадна тус киноны ачаар “Queen” хамтлагийн хөгжим, бараа бүтээгдэхүүний борлуулалт огцом өсчээ.
Жорж Харрисон $8.5 сая
Таалал төгссөн: 2001.11.29 (58 нас)
шалтгаан: Хорт хавдар
Лас-Вегасын энтертайнмент үйл ажиллагаа 2020 оны ихэнх хугацаанд зогсонги байсан ч “Beatles”-ийн тухай “Cirque du Soleil”-ийн шоу тус хамтлагийн төлөв даруу гишүүнд долоон оронтой тоогоор хэмжигдэх ашиг хүртээлээ.
Мэрилин Монро $8 сая
Таалал төгссөн: 1962.08.04 (36 нас)
шалтгаан: Тун хэтрүүлсэн
Кино ертөнцийн гоо дагинын бүрдүүлсэн имиж болон нэрийг “Dolce & Gabbana”, “Zales”, “Lego” зэрэг дэлхийн 100 гаруй брэнд ашиглаж, олон улс даяар түгээсээр байна.
Аргачлал: Орлогын хэмжээг 2019 оны аравдугаар сарын 1-нээс 2020 оны аравдугаар сарын 1-ний хоорондох татварын өмнөх орлогод үндэслэн тооцлоо. Тоон мэдээллийг “MRC Data”, “IMDbPro”, “NPD BookScan”-ийн мэдээлэл болон салбарын судлаачидтай хийсэн ярилцлагад үндэслэн нэгтгэв. Энд тусгасан орлогын дүнгээс агентлаг, менежер болон хуульчдын төлбөрийг суутгалгүй тооцсон болно.
Нэмэлт сурвалжилгын баг: Курт Баденхаузен, Абигэйл Фриман, Ариэл Шапиро.