
К-попыг дэлхийд таниулсан “BTS” хамтлагийн бүтээлч агентлаг “Big Hit Entertainment” компани 2020 оны аравдугаар сард IPO хийснээр үүсгэн байгуулагч Пан Ши Хёк Өмнөд Солонгосын тэрбумтнуудын эгнээнд нэгдлээ. Компанийнхаа 35 хувийг эзэмшдэг, 48 настай Панын хөрөнгө өдгөө 1.8 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Одоогоор хэн нь ч 30 нас хүрээгүй, “BTS”-ийн долоон гишүүн ч мөн адил энэ IPO-оос хувь хүртжээ. “Big Hit”-д тэдний эзэмшдэг хувь тус бүр 10 сая орчим ам.доллараар үнэлэгдэж байна.
Өмнөд Солонгосын топ агентлаг “JYP”-ийг өмнө нь хамтран үүсгэн байгуулсан, “Hitman” хочит Пан “Big Hit”-ийг 2005 онд байгуулжээ. Тэрбээр анхны амжилтаа “8Eight”, “2AM” гэх К-поп хамтлагтай эхлүүлж байв. Үүний дараа тэрбээр хэзээ ч хамт дуулж байгаагүй, олонд танигдаагүй долоон залууг нэгтгэж “BTS”-ийг байгуулжээ. Тус хамтлагийн анхны сингл 2013 онд “No More Dream” нэртэйгээр гарсан юм. Одоогийн байдлаар жилд 510 сая ам.долларын орлого, 60 сая ам.долларын ашигтай ажилладаг “Big Hit”-ийн орлогын дийлэнхийг “BTS” хамтлаг бүрдүүлж байна.
Тэд 2019 оны аялан тоглолтоороо ойролцоогоор 200 сая орчим ам.доллар олсон бөгөөд “Metallica”-г эс тооцвол Америкийн ямар ч хамтлаг аялан тоглолтоор өдий хэмжээний ашиг олж байсангүй. Цар тахлын улмаас “BTS”-ийн орлогын үндсэн эх үүсвэр болох 2020 оны тоглолтууд хойшлогдсон ч амжилт тэднийг тойрсонгүй. Тэдний англи хэлээр гаргасан анхны дуу “Dynamite” 2020 оны наймдугаар сард “Billboard”-ийн шилдэг 100 дууны жагсаалтыг тэргүүлснээр “BTS” энэ жагсаалтыг тэргүүлсэн анхны Солонгос хамтлаг болов. Тэрчлэн хамтлагийнхны “жаргал, зовлон”-г илэрхийлсэн (Жимми Фэллоны “The Tonight Show”-ийн үеэр хамтлагийн гишүүний хэлсэн үг) хамгийн сүүлийн “BE” цомгоо 2020 оны арваннэгдүгээр сарын 20-нд худалдаанд гаргасан юм.